Мьянмарын эрх баригчид улсын төсвөө бүрдүүлэх өвөрмөц арга олжээ

Мьянмар улс эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан бөгөөд Олон улсын валютын сангийн хар жагсаалтад багтсан улс юм. АНУ дахь Мьянмарын валютын хөрөнгүүдийг царцаасны дээр олон улсын байгууллагууд энэ улсад тусламж үзүүлэхээ зогсоосон.
Үүний шалтгаан нь 2021 онд гарсан цэргийн эргэлт юм. Цэргийнхэн иргэний засгийн газрыг тарааж, ерөнхийлөгчийг баривчилсанаас үүдэн энэ улсад хямрал нүүрлэж, өнгөрсөн онд ДНБ нь 18 хувиар, үндэсний валютынх нь ханш 34 хувиар унаж, улсын төсөвт ордог татварын хураамжууд эрс багасжээ.
Ийнхүү хүнд байдалд орсон эрх баригчид нөхцөл байдлыг сайжруулахын тулд бүхий л орлого нь улсын төсөвт орох сугалаа зохион байгуулахаар шийдсэн байна. Энэ сугалааг цахим хэлбэрээр хавар зохион байгуулахаар болжээ.
Энд дуулгахад, Мьянмар улсад жил гаруй хугацаанд онц байдлын дэглэм үйлчилж байгаа юм. Цэргийнхэн эргэлт хийсний дараахан онц байдал тогтоосон бөгөөд тэд 2020 оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулиар олон зөрчил гаргасан хэмээн иргэний засгийн газрыг буруутган, тарааж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ