Жүжигчин Б.Навчаа: Ж.Соронзон захирал шиг боловсон хүчин дахиж олдохгүй

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өнөөдөр БШУЯ-ны гадаа цуглалаа. Тэд тус сургуулийн захирал Ж.Соронзон хэнийг ч хохироогоогүй гэдгийг хэлж, хүүхдийн сурах эрхийг хангахыг шаардаж байна.
Тус сургуулийн ТУЗ хуралдаж, ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсэгт БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газар, хуулийн хэлтсийн албан хаагчдаас орохоос гадна эцэг эхчүүдийн төлөөллийг багтааж, асуудлыг судлах аж. Энэ тухай БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр “Ж.Соронзон захирлын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. БШУЯ-наас энэ асуудлаас болж, 2200 хүүхэд хохирч болохгүй гэсэн сануулгыг тус сургуулийн удирдлагуудад өгсөн” гэдгээ эцэг эхчүүдэд дуулгалаа.
Эцэг эхийн төлөөлөл, жүжигчин Б.Навчаа "Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар эцэг эхчүүд юу ч ярихгүй. Хамгийн гол нь Орос III сургууль маш чанартай, шилдэг сургууль. Гэтэл сэтгүүлч авлигач, олигархиудын хүүхэд суралцдаг гэж асуудлаасаа халиад байна. 40, 50 сая төгрөг өгөөд хүүхдээ сургах чадалтай эцэг эх энд байхгүй. Төлбөр нь 6 сая төгрөг, маш боломжийн. Энэ бол улсын сургууль биш. Олон улсын статустай, Монгол, Буриадын боловсролын яам хариуцдаг сургууль.
Бидний халааснаас гарсан мөнгөөр Буриад багш авчирч байгаа. Улсын төсвөөс мөнгө гардаг байсан бол нэг ч буриад багш авчирч чадахгүй.
Ж.Соронзон захирлыг хуулийн байгууллага шалгаад буруутай нь тогтоогдвол хуулиараа шийдэгдэнэ. Улс төрийн оролцоогоор, захиалгаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө Ж.Соронзон захирлыг унагаавал энэ сургуулийг 30 жил босгосон түүн шиг боловсон хүчин олдохгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн эцэг эхчүүд авлига өгч, хүүхдээ сургуульд оруулаагүй, Ж.Соронзон захирал ч хээл хахууль авах хүн биш гэдгийг хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ