Орос найтаавал Монгол ханиах л болно

Дэлхийн улс орнууд Оросын түрэмгийллийг эсэргүүцэж, эдийн засгийн болоод хилийн хориг тавиад эхэллээ. Хэдий оросууд пээдгэр байгаа ч АНУ тэргүүтэй улс орнууд "Орос түрэмгийллээ үргэлжлүүлсээр байвал энэ улсын санхүүгийн нэг ч байгууллага аюулгүй үлдэхгүй" гэсэн анхааруулгыг өгч байна. Эдийн засгийн том төслүүдийг нь санхүүжүүлдэг банкууд нь хоригт багтлаа. Тэгэхээр Орос, Украины асуудал дэлхийд олон асуудал дагуулах нь тодорхой болж байна.
Энэ асуудалд Монгол ч орооцолдоно. Ганцхан жишээ, Орос, Украины асуудлаас үүдэн газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэллээ. Энэ бол бидэнд шууд хамааралтай асуудал. Дэлхийн зах зээл, нийлүүлэгч орноос хамааралтай манай улсад энэ өсөлт шууд нөлөөлнө. Бүр айл өрх бүрт.
Манай улсын шатахууны нийлүүлэлт Оросоос хараат. Өнгөрсөн оны 09 дүгээр сард Ангарскийн нефтийн үйлдвэрт засвар хийж байна хэмээн оросууд гэдийхэд Монгол тэг зогсолт хийсэн. Монголчууд шатахуун түгээх станцын гадаа хонон өнжин дугаарлаж, эцэстээ машинаа түрж алхсан. Хамгийн өргөн хэрэглээ болох АИ-92 автобензины 95 хувийг Оросоос авдаг бидэнд шатахуунгүй зогссон машинаа түрж алхахаас өөр сонголт үлдээгүй.
Үнэ чөлөөлсөн нэрийдлээр угаас сар бүр өсөн нэмэгдэж байгаа шатахууны үнэ цаашид ч өсөх нь тодорхой болж байна. Нэг литр шатахуун 3000 төгрөг хүрээд тогтох эсэх нь эргэлзээтэй. Товчхондоо Орос найтаавал Монгол ханиах л болно.
Тэгвэл шатахууны үнэ өсөөд байна, цалин яах вэ? Цагаан сарын өмнөхөн том онооны шоу хийж, ахмадуудын тэтгэврийг нэмээд хөдөлмөрийн хөлсний дотоод хэмжээнийхээ дээр гаргачихсан. Өдөр бүр махийж ажиллаж байгаа охин, хүү нь гэртээ гавьяаныхаа амралтад суугаа ээж, аавынхаа тэтгэврээс бага цалин авдаг тогтолцоотой улс болсон гэсэн үг.
Тэтгэврийн нэмэгдлийн дараа цалингийн асуудал яригдана гэж Засгийн газрынхан хэлж байв. Ингэж хэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч одоогоор лав цалингийн асуудлыг хэн ч ярьсангүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Засгийн газар чив чимээгүй л байна.
Сар бүр 50, 100 төгрөгөөр нэмэгдэж буй шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд шууд наалддаг. Идэж буй талх, өмсөж буй хувцасны үнэнд шингэж буй. Нялх балчираас үл хамаараад тухайн гэр бүлийн гишүүн бүрт хамаатай гэсэн үг. Гэтэл цалин бахь байдаг байрандаа. Хэдийг хүртэл ахмадуудын тэтгэврээс бага цалингаар амь зогоохыг таах боломжгүй.
АНУ, Япон, Канад, Герман гээд улс орнууд ар араасаа Орост хориг тавьж байна. Цааш үргэлжилсээр байвал нийгэм, эдийн засгийн чамгүй хохирол амсах нь мэдээж. Харин тэр хохирол Монголд хэрхэн нөлөөлөх нь бидний санаа зовох асуудал. Наанадаж л газрын тосны бүтээгдэхүүний үнийн асуудал бидний толгойны өвчин болох нь тодорхой болж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ