ИРГЭД: Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх нь БУРУУ

Нийслэлчүүдийн, тэр дундаа хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдийн толгойн өвчин бол машин ачилт. Сүүлийн жилүүдэд автомашин ачилтын үйлчилгээ шүүмжлэлд өртөж буй. Тэгвэл сүүлийн өдрүүдэд “автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ” гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж, иргэдийн дунд маргаан дэгдэж байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа”-г захиалан хийлгэжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчдын 73 хувь нь машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхийг дэмжсэн бол, 13 хувь нь төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр хэвээр үлдээх нь зөв гэж үзжээ.
Тэгвэл автомашины ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх нь зөв эсэх талаар иргэдийн саналыг сонслоо.
Улаанбаатарт авто машины зогсоол хүрэлцдэггүй
Баянзүрх дүүргийн иргэн Б.Хүрэлбаатар:
-Би машингүй. Гэхдээ машин ачилтын төлбөрийг нэмэх шаардлагагүй байх гэж бодож байна. Улаанбаатарт автомашины зогсоол хүрэлцдэггүй. Автозамын зохицуулалт ч сайн биш. Машин ачилтын компаниуд анхааруулж, сануулж ачдаггүй, үйлчилгээ муутай санагдсан.
Автомашин ачилтын төлбөрийг бууруулах ёстой
Баянзүрх дүүргийн иргэн Л.Заяа:
-Цар тахлын энэ үед эдийн засаг маш их хямарсан. Цалин хөлс нэмэгдээгүй. Амьдрахад хэцүү байхад машин ачилтын төлбөрийг нэмэгдүүлнэ гэдэг маш буруу шийдвэр. Судалгаа хийж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Хэзээ, хэнээс судалгаа авсан бэ? Судалгаа нэртэй эхлүүлээд нэг л төлбөр нэмнэ. Иргэдийнхээ амьдралыг бодож байвал төлбөрийг нь бууруулах ёстой.
Зогсоолын асуудлаа шийдэхгүйгээр төлбөр нэмж болохгүй
Сүхбаатар дүүргийн иргэн/нэрээ нууцлахыг хүсэв/
-Зогсоолын асуудлаа шийдэхгүйгээр машин ачилтын төлбөр нэмж болохгүй. Хотын хамгийн хэцүү асуудал нь замын түгжрэл, машины зогсоол байдаг. Машин ачилтын компаниуд утас руу залгаж, сануулдаггүй, ёс төдий анхааруулаад л ачдаг. Эзэн нь гараад ирсэн ч тоохгүй ачдаг. Гэтэл төлбөрийг нь нэмэгдүүлбэл зогсоолоо с нь хулгайлах биз.
Судалгааны үр дүн үнэн эсэх нь эргэлзээтэй
-Баянгол дүүргийн иргэн Г.Соёлмаа:
-Ямар судалгаа хэзээ авсныг нь мэдэхгүй юм. Судалгааны үр дүн үнэн эсэх нь эргэлзээтэй. Би машинаараа хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, авч, өөрөө ажилдаа явдаг. Зогсоол байдаггүй. Зогсоол байсан ч зөв зохион байгуулалтгүй. Эхлээд зогсоолын асуудал болон машин ачилтын компаниудын үйлчилгээнд анхаарах хэрэгтэй. Машин ачилтын төлбөрийг нэмэхийг дэмжихгүй байна.
Төрөөс буруу бодлого шийдвэр гаргаж байна
Баянгол дүүргийн иргэн Х.Жаргал:
-Бензиний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэтэл цалин хөлс нэмэгдээгүй. Хүнсний ногооны үнэ тэнгэрт хадсан. Гэтэл дахиад машин ачилтын төлбөрийг нэмэгдүүлвэл цаашид яаж амьдрах вэ? Төрөөс буруу бодлого шийдвэр гаргаж байна. Иргэдийнхээ амьжиргааны түвшинг бодох хэрэгтэй. Машин ачилтанд 100 төгрөгийн төлбөр төлөх чадвартай хүн олон байхгүй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ