Тээвэрчид Вашингтонд жагсахаар хөдлөв

Канадын нийслэл Оттава хотын хөдөлгөөнийг хэдэн долоо хоног саатуулж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тээвэрчдийн жишгээр Америкийн тээвэрчид Калифорни мужаас Вашингтоныг чиглэн цуваа болон хөдөлжээ. Тэд коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор улсаас авч хэрэгжүүлж буй хязгаарлалтуудыг эсэргүүцэхээр ийнхүү нэгдсэн байна.
"Ардын цуваа"-ы зохион байгуулагчдын өгүүлснээр тэд эдийн засагт түлхэц өгч, улс орноо дахин нээхийг хүсэж байгаа гэнэ. Тэдний өгүүлснээр жагсаал 11 өдөр үргэлжлэх аж.
Өөр нэг цуваа Пенсильвани мужийн Скрэнтон хотоос хөдөлсөн бөгөөд нийтдээ 25 авто цуваа хүчээ нэгтгэн, гуравдугаар сарын долооны өдөр гэхэд Вашингтонд очихоор төлөвлөж байгаа аж. "Ардын цуваа"-ыхан тээвэрчдийн жагсаалыг санхүүжүүлэхийн тулд олон нийтийн хандиваар 500 мянга орчим доллар цуглуулсан байна. Ингээд оролцогчдод хүнс, бензин, бусад шаардлагатай зүйл худалдан авахад нь зориулж 30 мянган ам.долларыг олгожээ.
Жагсаал зохион байгуулагчид хууль дүрэм зөрчихгүй, хөдөлгөөн хаахгүй гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Гэхдээ тэдний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол ийм үйлдэл гарч болзошгүй анхааруулжээ. Тэд амны хаалт зайлшгүй зүүх, албан журмаар вакцинд хамрагдах журмыг цуцлахыг шаардаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ