ОХУ-ыг SWIFT-ээс хэсэгчлэн салгасан нь буюу SWIFT гэж юу вэ

ОХУ Украин руу довтолж эхэлсэнтэй холбоотойгоор Барууны орнууд Оросын эсрэг шинээр эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч хэрэгжүүлсэн юм. Улмаар ням гарагт шилжих шөнө Оросыг SWIFT-ээс хэсэгчлэн салгахаар болсон талаар Барууны орнууд албан ёсоор зарлав.
Европын холбооны орнууд, АНУ, Их Британи, Канадын хамтарсан мэдэгдэлд "Нэгдүгээрт, бид Оросын зарим банкуудыг SWIFT-ээс салгах ёстой. Ингэснээр эдгээр банкууд олон улсын санхүүгийн системээс салгагдаж, тэд дэлхийн зах зээл дээр ажиллах боломжгүй болно. Хоёрдугаарт, манай орнуудын тавьсан хориг арга хэмжээг сөрөхийн тулд олон улсын нөөцөө ашиглах боломжийг Оросын Төв банканд өгөхгүйн төлөө бид хязгаарлалтын арга хэмжээ авах ёстой" хэмээсэн байв.
Харин үүний хариуд Оросын Төв банк SWIFT-ийн оронд Санхүүгийн мэдээллүүдийг дамжуулах системийг ашиглана гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь Орос улс 2014 онд Крымийг бүрэлдэхүүндээ багтаасны улмаас барууны орнууд хориг арга хэмжээ тавьж эхлэхэд Төв банк боловсруулсан SWIFT-ийн орос хувилбар юм.
SWIFT гэж юу вэ
- Society for Worldwide Interbank Financial Telecommunication (SWIFT) гэдэг нь дэлхийн улс орнуудын банкуудын хоорондын гуйвуулга, төлбөрийн гүйцэтгэлийн тухай мэдээлэл солилцох систем, олон улсын байгууллага юм.
- Энэ систем нь асар өргөн цар хүрээтэй бөгөөд өдөр бүр дэлхий даяар олон мянган санхүүгийн байгууллагуудаас ирсэн 40 сая гаруй мэдээллийг боловсруулдаг аж.
- Гүйлгээ бүрээс SWIFT ойролцоогоор 1-2 хувийн шимтгэл авдаг.
Оросыг SWIFT-ээс салгаснаас үүдэлтэй үр дагавар
- Оросоос гадаадын данс руу мөнгө шилжүүлэхэд хүндрэл учирж, өөр арга зам хайхаас аргагүй болно.
- Зуучлагч хэлбэрээр ажиллах, хилийн чанад дахь зээлийн байгууллагуудад харилцах данс нээх нь Оросын банкууд асуудлыг шийдэх боломжит хувилбар гэж шинжээчид үзэж байна.
- Бизнес эрхлэгчид хилийн чанад дахь түншүүдтэйгээ тооцоо хийхэд хүндрэлтэй, эцсийн хэрэглэгчид гадаа улс орон руу мөнгө шилжүүлэх төвөгтэй болно.
- Банкны гуйвуулга саатсанаар эдийн засгийн бүхий л салбар дахь бараа нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаж болзошгүй бөгөөд нэн тэргүүнд импорт хомстолд орж магадгүй талаар шинжээчид анхааруулжээ.
- Бараа нийлүүлэлтэд хүндрэл гарснаар үнэ, доллар, еврогийн ханшны өсөлтөд нөлөөлж болзошгүй.
Оросыг энэ системээс салгасан тохиолдолд Оросын өхрөнгө оруулагчид дотоодын үнэт цаасаа олноор нь зарж, улмаар хөрөнгийн зах зээлд цохилт өгч болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ