Л.Сэржмядаг: Украинаас ирж буй монгол иргэддээ сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлж байна

Украин Улсаас монгол иргэдээ БНПУ-аар дамжуулан татан авч байгаа. Тэгвэл Украинаас ирж буй Монгол иргэддээ тусламж дэмжлэг үзүүлж буй БНПУ дахь Монголчуудын холбооны дэд тэргүүн Л.Сэржмядагаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Украины Харьков хотоос монгол иргэдээ бүрэн татан авлаа. БНПУ-д ирсэн монгол иргэдийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол иргэд маань маш сайн байна. Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-ны хамт олон хичээнгүйлэн ажиллаж байгаа. Эхний ээлжинд Украинаас 24 монгол хүн ирсэн. Дараагийн ээлж нь өчигдөр орой вагонд суусан. Өөрөөр хэлбэл, Харьков хотоос бүх монгол иргэдээ татаж авлаа.
Украинаас ирж буй монгол иргэдийн замын зардлыг ГХЯ, байрлах байрыг нь БНПУ-д суугаа ЭСЯ, хоол хүнс, бусад хэрэглээг нь Польш дахь Монголчуудын холбоо бэлтгэн тусламж үзүүлж байна.
Украинаас ирэх иргэдээ угтан авч, тусламж үзүүлэх аянд 6000 гаруй злот цугларсан. Ямар ч үед БНПУ дахь монголчууд нэгдэж ажиллаж чаддаг. Тодруулбал, коронавирусийн халдварын үед “Маск” аянг эхлүүлж байсан. Польш дахь монголчууд маань Украинаас ирж буй иргэдээ халуун хоол цайгаар дайлж, сэтгэлээрээ нэгдэж тусламж дэмжлэг үзүүлж байна.
Бэртсэн гэмтсэн хүн бий юу?
-Украинаас ирж буй монгол иргэдээс гэмтсэн бэртсэн хүн байхгүй. Нэг охин буун дуу сонсоод тархинд нь цочрол өгсөн байсан. Тус охинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
БНПУ-д хэдэн монгол иргэн ажиллаж, амьдардаг вэ?
-БНПУ-д 1000 гаруй монгол иргэн амьдардаг. Ихэнх нь ардын анагаах ухаан, уламжлалт эмнэлзүйн чиглэлээр ажилладаг. БНПУ-д ажиллаж, амьдарч байгаа нийт монголчууддаа талархал илэрхийлье. Та бүхний сэтгэл зүрхээр бид тусалж чадлаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ