Европын холбоо гишүүнээр элсэх тухай Украины хүсэлтийг хүлээн авлаа

Хоёрдугаар сарын 28-ны үдэш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украиныг Европын холбоонд элсүүлэх хүсэлтэд гарын үсэг зурсан талаарх мэдээлэл гарч байлаа.
Улмаар энэ хүсэлтийг Европын холбоо хүлээн авч, бүртгэсэн, хүсэлтийг авч хэлэлцэх ажил эхэлсэн гэж Европын холбооны дэргэдэх Украины төлөөлөгч Всеволод Ченцов Твиттер хуудсандаа бичжээ.
"Европын холбоонд гишүүнээр элсэх тухай Владимир Зеленский Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан хүсэлтийг ЕХ-ны байнгын төлөөлөгч Леглиз-Костод гардууллаа. Хүсэлтийг бүртгэсэн. Авч хэлэлцэх ажил эхэлсэн" хэмээн Всеволод Ченцов бичжээ.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч энэ үйл явдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн байна.
"Бид үүнийг 30 жил хүлээсэн. ЕХ-д элсэх хүсэлтэд би гарын үсэг зурсан. Хүсэлтийг Брюссель рүү илгээсэн, гарын үсэг зурахыг нь хүлээж байна. Цаг нь ирсэн !" хэмээн Зеленский мэдэгджээ.
Украин улс Европын холбоонд нэн даруй нэгтгэх хүсэлт гаргасан талаараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр мэдээлсэн юм. ВВС агентлагийн мэдээлснээр, Оростой хэлэлцээ хийхэд түлхэц болгох үүднээс Европын холбоонд Украиныг ойрын үед элсүүлэх асуудлыг ЕХ-ны тэргүүнүүд хэлэлцэж магадгүй аж.
Өмнө нь Зеленский Украин улс Европын холбоонд гишүүнчлэл авах эрхтэй хэмээн мэдэгдэж байлаа. Харин Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын холбоонд элсэхийн тулд ихээхэн өөрчлөлт шаардлагатай, үүнийг хэдхэн сарын дотор хийх боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ