Орост дайн зарлаж, хэвлэлүүдийг хакердаж буй Anonymous

img

Дэлхийд алдартай хакерчдын бүлэг Орос Украин руу довтолсны хариуд цахим дайн зарлаж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэд ийн мэдэгдэл хийснийхээ дараа Оросын төрийн оролцоотой, олон улсад мэдээллээ түгээдэг мэдээллийн сүлжээ болох "Russia Today" -д халдсан. Бүтэн нэг өдөр зарцуулж байж энэ сүлжээний сайт ажиллагаанд орж байлаа. 

 

Үүний араас Оросын Ерөнхийлөгчийн албан ёсны сайт болох kremlin.ru ажиллахаа больсон юм. Энэ хуудас цахим халдлагад өртсөн байж болзошгүй бөгөөд өнөөдөр ч /гуравдугаар сарын нэгэн/ ажиллахгүй, удаан ачаалласан хэвээр байна. 

 

Anonymous бүлгийнхэн Оросын төрийн оролцоотой хэвлэлүүдийг хакердана гэдгээ анхнаасаа мэдэгдэж байсан. Улмаар хоёрдугаар сарын 28-ны өдөр Оросын нөлөө бүхий хэвлэлүүдийн сайтууд цахим халдлагад өртсөн юм. Тэд тухайн сайтууд руу орох нүүр хуудсанд дайныг эсэргүүцсэн уриалга байрлуулж байлаа. Түүнчлэн Орос 5300 цэргээ алдсан гэж мэдээлсэн байв.

 

"Хүндэт иргэд ээ! Та бүхнийг энэ солиорлыг зогсоохыг бид уриалж байна. Хөвгүүд, эр нөхрөө үхэл рүү битгий явуул. Путин биднийг аюулд оруулж байна. Биднийг бусад ертөнцөөс тусгаарлаж, тэд хий, газрын тос худалдаж авахаа болилоо. Хэдэн жилийн дараа бид Хойд Солонгос шиг амьдарна. Энэ хэнд хэрэгтэй юм бэ? Путин сурах бичигт бичигдэн үлдэхийн тулд уу? Энэ бидний дайн биш, түүнийг зогсооцгооё!" гэсэн бичиг гарч байлаа. 

 

Хоёрдугаар сарын 28-ны өдөр ТАСС, "Известия", "Фонтанка" , "Коммерсантъ", E1, РБК, Znak, Buro 24/7, "Мел", "Такие дела", Forbes Орос, "Игромания" зэрэг олон сайт халдлагад өртөж, хэдэн цагийн дараа үйл ажиллагаагаа сэргээсэн юм.

 

Anonymous-ийн тухай 

 

Энэ нь идэвхтнүүд, хакерчдын орчин үеийн олон улсын сүлжээ юм. Анх 2003 онд нэр нь гарч эхэлсэн  энэ бүлэглэлийн оролцогчид болон дэмжигчид Гай Фоксын багаар танигдаж болох бөгөөд энэ баг Anonymous бүлэглэлийн бэлгэ тэмдгүүдийн нэг болсон юм. Түүнчлэн Гай Фоксын баг шахалт дарамт үзүүлдэг засгийн газартай тэмцэх тэмцлийг сануулдаг аж.

 

Анхлаад интернет хошигнол, меме хийх зэргээр зугаацах зорилгоор гарч байсан энэ бүлэглэл 2008 оноос эхлэн хамтарсан, олон улсын бүлэглэл болсон юм. Улмаар цахим орчин дахь оюуны өмчийн эрхийг зөрчсөн үйлдлүүдийн эсрэг эсэргүүцэл болон бусад арга хэмжээнүүдийг авч байлаа. Тэднийг зарим шинжээчид интернетийн эрх чөлөөний төлөөх тэмцэгч, "цахим Робин Гуд" хэмээдэг бол шүүмжлэгчид "засаг захиргаагүй цахим партизан", "цахим алан хядагчид" хэмээн нэрлэдэг юм.

 

Энэ бүлэглэлийн уриа нь "Бид Анонимус, бид легион, бид өршөөдөггүй. Бид мартдаггүй. Биднийг хүлээ".

 

Энэ бүлэгт удирдагч, удирдах нам гэж байдаггүй, тэд тус тусдаа үйл ажиллагаа явуулж, хамтран аль нэг байг онилж, ихээхэн хохирол учруулдаг юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэгээд тэр Аноним гэсэн бүлэглэлээ дэмжээд байгаа юм уу??? Эсвэл АНУс-ын захиалгаар бичээд байгаа юм уу???
2022-03-01
Kkk:
Udahgui bugd barigdah blgui Augaa Oros uls tedniig zugeee unguruuhguin lav
2022-03-01