Ж.Дэлгэрсайхан: Энэ цагт ОХУ-тай хийн хоолойн гэрээ байгуулсан нь болчимгүй үйлдэл
ОХУ Украин руу довтолж эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч хэрэгжүүлж байна. Улмаар Оросыг SWIFT-ээс хэсэгчлэн салгахаар болсноо Барууны орнууд албан ёсоор зарласан юм.
Харин энэ өдрүүдэд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу байгалийн хий хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Газпром-той гэрээ байгуулсан.
Тэгвэл ОХУ-ыг SWIFT-ээс хэсэгчлэн салгасан нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, Монгол Улс ОХУ-тай хий хоолойн гэрээ байгуулсан нь оновчтой эсэх талаар Эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.
Шадар сайд өчигдөр Газпромтой гэрээ байгуулсан. Дэлхийн улс орнууд Орост хориг тавьж байна. Харин манай улс гэрээ байгууллаа. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ? Энэ цагаа олсон уу?
-Энэ асуудлын цаадах утга учрыг нь сайн ойлгохгүй байна. Энэ төслийн асуудлыг яагаад энэ цаг хугацаанд хөндөж Монгол Улсын ЗГ нь нэг компанитай гэрээ байгуулчхав. Энэ цаг үед бидний хийх үйлдлүүд болгоомжтой, зөв байх хэрэгтэй. Дайн байлдаан, хүчирхийлэл, нэг улс нөгөө улс руугаа халдан довтлох байдлыг дэлхий нийтээр эсэргүүцэж, хүлээж авч байна. ОХУ-н зүгээс хийж буй алхам нь зөвтгөх үндэслэлгүй зүйл гэдэг нь тодорхой. Тиймээс Газпромтой хий хоолойн гэрээ хийх ажлаа цаг хугацааны хувьд харзнах шаардлагатай байсан болов уу гэж бодож байна.
Мөн нөгөө талаас нь тайлбарлавал миний хувьд хий хоолойг Монгол Улсад тавих нь манай улсын улс төр, эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ гэдэг нь эцэслэн шийдэгдээгүй гэж ойлгодог. Нийтэд мэдээлж байгаа байдлаас нь хэдэн ажлын байр бий болох, бүтээн байгуулалтын ажил явагдах юм байна гэсэн мэдээллийг авч байгаа. Тэгвэл зөвхөн хэдэн ажлын байр, бүтээн байгуулалтын төлөө энэ хэмжээний асуудлыг хүлээн авч болдог юм уу гэсэн асуудал үүснэ. Иймээс энэ төслийн Монголын талд бий болох эерэг тал, эрсдэлийг маш сайн тооцох хэрэгтэй. Төслийн хувьд ийм байна. Товчхондоо энэ цагт энэ төрлийн гэрээ хийж байгаа нь болчимгүй алхам гэж харж байна.
SWIFT ОХУ-ын Төв банк болон нэр бүхий томоохон таван банкыг төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон. Тэгвэл Оростой бизнес харилцаатай байдаг компаниудад ямар хүндрэл учрах вэ?
-ОХУ-тай Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагааны хүрээ, хэмжээ зэрэг ойлголт бий. Бид хөрш орнуудын энэ хамтын ажиллагаа 1990 оноос хойш ихээхэн багассан ч хөрш орны хувьд хүчтэй хамаарал бүхий сувгууд бий. ОХУ-д санхүүгийн хүчтэй хориг тавьж, цаашлаад энэ нь даамжирч болзошгүй байгаа тул хэд хэдэн чиглэлээр нөлөөлнө гэж харж байна.
Нэгдүгээрт, Монгол Улс ОХУ-аас нефть, нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний хэрэглээний өндөр хамааралтай. Тиймээс дээрх чиглэлд төлбөр тооцоо хийх асуудалд нөлөөлнө. Макро эдийн засгийн хүрээнд нефтийн бүтээгдэхүүн болон эрчим хүчтэй холбоотой асуудалд үүснэ. Хоригийн хүрээнд энэ чиглэлийн асуудалд хориг нөлөөлөхгүй байж болзошгүй мэдээлэл бий.
Хоёрдугаарт, Импортын асуудал. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар импортын гол асуудлуудаа шийдвэрлэж байгаа. Иймд худалдааны хүрээнд шууд хамаарал бүхий компаниудад төлбөр тооцоотой асуудал үүсэх магадлалтай. Мөн ЕХ-ны улсуудаас ирэх импорт, тээврийн асуудалтай холбоотой хүндрэл үүсч болзошгүй.
Гуравдугаарт, Монгол Улсаас дэлхийн зах зээлтэй төлбөр тооцоо хийхдээ ОХУ-ын банкуудаар дамжуулдаг сувгууд бий. Тиймээс ОХУ-н төв банк болон голлох банкуудын олон улстай хийх төлбөр тооцооны сувагт хориг арга хэмжээ авагдсан бол сөрөг нөлөөлөл үүснэ.
Орос Монголын хооронд банкаар гүйлгээ хийх боломжгүй болох уу?
-Гадаад төлбөр тооцооны асуудалд SWIFT сүлжээг ашиглаж хийж буй сувгууд л эргэлзээтэй болно. Бүх төлбөр тооцоо хараахан зогсоно гэж ойлгож болохгүй.
Энгийнээр тайлбарлавал SWIFT гэдэг нь дэлхийг хамарсан төлбөр тооцооны нэгдсэн сүлжээ. Тухайн сүлжээг ашиглаж, улс орнуудын хооронд төлбөр тооцоо, санхүүгийн мэдээллийн урсгал нэгээс нөгөөд шилждэг. Иймд уг сүлжээтэй хамааралтай гүйлгээнүүд, санхүүгийн мэдээллийн урсгал ОХУ-тай холбоотой сувгуудын хувьд хаалттай болно гэсэн үг.
Оросын Төв банк SWIFT-ийн оронд Санхүүгийн мэдээллүүдийг дамжуулах системийг ашиглана гэж мэдэгдсэн?
-SWIFT нь хэдийгээр 200 гаруй орныг хамарсан санхүүгийн мэдээлэл, төлбөр тооцооны систем, үүгээр зөвхөн банкны салбараас гадна үнэт цаас хөрөнгө оруулалт, санхүүгийн гүйлгээнүүд шийдвэрлэгддэг боловч бүхнийг хамарсан цор ганц зүйл биш юм. Иймд бидний зүгээс өөр боломжуудыг эрэлхийлэх, ОХУ-н зүгээс санал болгох сувгуудад нэгдэх боломжоо хайж байх нь чухал.
Ямар гарц гаргалгаа байна вэ?
-Төлбөр тооцоо хийх өөр хувилбарыг судалж, шийдвэрлэхэд Монгол банкны зүгээс анхаарах хэрэгтэй. SWIFT ашиглахгүйгээр төлбөр тооцоо хийх арга замуудыг хайх шаардлагатай.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ