Лавровыг үг хэлэх үеэр дипломатууд танхимыг орхин гарав
Гуравдугаар сарын нэгний өдөр Женевт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хурал дээр Оросын Гадаад хэргийн сайд үг хэлэх үеэр дипломатууд танхимыг орхин гарчээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Орос улс Украинд дайн өдөөснийг эсэргүүцэж байгаагаа дипломатууд илэрхийлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг үг хэлэхийн өмнө танхимыг орхин гарсан байна.
"Хүний эрхийн зөвлөлийг хуурамч мэдээлэл түгээх тавцан болгон ашиглаж болохгүй" хэмээн энэхүү эсэргүүцэлд нэгдсэн, НҮБ-ын дэргэдэх Германы байнгын төлөөлөгч Катарина Сташ мэдэгдсэн байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл ээлжит хаврын чуулганаа хоёрдугаар сарын 28-ны өдөр эхлүүлсэн юм. Энэ чуулганд цахимаар холбогдсон Оросын Гадаад хэргийн сайд Лавров Украины талыг хүний эрх зөрчсөнд буруутгаж, Украин руу халдсанаа зөвтгөсөн мэдэгдэл уншжээ. Тэрбээр энэ хуралд биечлэн оролцохоор төлөвлөж байсан ч Европын орнууд Оросын онгоцуудыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүйгээр шийдсэний улмаас Лавров цахимаар оролцсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ