Путинийг баривчилсан эсвэл устгасан хүнд Оросын бизнесмен нэг сая доллар амлажээ

Владимир Путиний толгойг нэг сая ам доллараар үнэлжээ. Дарангуйлагчийг баривчилсан эсвэл устгасан хүн энэ мөнгийг авах эрхтэй гэж Оросын бизнесмен Александр Конаныхин Фейсбүүк хуудсандаа бичсэн талаар РБК мэдээлсэн байна.
Өдгөө 55 настай бизнесмен ийм их хэмжээний мөнгийг "үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Путинийг Орос, олон улсын хууль эрхзүйн дагуу цэргийн гэмт хэрэгтэн гэдгээр нь баривчилсан офицер, офицеруудад" амлаж байгаа аж.
"Орост орон сууцны барилгуудыг дэлбэлсэн тусгай ажиллагааны дүнд төрийн эрхэнд гарсан, дараа нь чөлөөт сонгуулийг цуцалж, өрсөлдөгчдөө хөнөөсөн тул Путин Оросын Ерөнхийлөгч биш" хэмээн тэрбээр бичсэн байна.
Бизнесмений энэ пост дээр анхандаа Путиний гэрэл зургийг оруулж "үй олноор хөнөөснийх нь төлөө Владимир Путинийг амьд болон үхснээр нь эрэн сурвалжилж байна" хэмээн бичиж, Путиний толгойг үнэлсэн байжээ. Харин Фейсбүүк энэ зургийг ёс суртахуунгүй гэж үзсэн тул бизнесмен устгасан байна.
Конаныхин Зөвлөлтийн дараах Оросын хамгийн анхны банкируудын нэг. Тэрбээр 1996 онд Оросын эрх баригчид хэрэг тулгасны улмаас Америкийн шоронд хоригдож байсан гэнэ. Жилийн дараа түүнийг цагаатган, суллаж, улмаар хэсэг хугацааны дараа түүнд улс төрийн орогнол олгож байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ