Навальный оросуудыг дайны эсрэг жагсаалд уриаллаа

Одоо хоригдож буй, Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный оросуудад хандан мэдэгдэл хийжээ.
"Бид, Орос орон дэлхийн үндэстэн байхыг хүсэж байна. Харамсалтай нь өнөөдөр биднийг ингэж нэрлэх нь цөөн боллоо. Гэхдээ ядахнаа айж амаа хамхисан үндэстэн болохгүй байцгаая л даа. Украины эсрэг манай ухаангүй хааны өдөөсө түрэмгий дайныг анзаараагүй мэт дүр эсгэх хулчгар үндэстэн болохгүй байя" хэмээн тэрбээр Телеграм хуудсандаа бичжээ.
Владимир Путин Украины нутаг дэвсгэр рүү халдсан шалтгаанаа тоочсон мэдэгдлийг Навальный "100 жилийн өмнөх үйл явдлын тухай хуурамч зүйл" хэмээсэн байна.
"Би хүн бүрийг гэрээсээ гарч, энх тайвны төлөө тэмцэхийг уриалж байна" хэмээн Навальный мэдэгджээ.
Өмнө нь дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 6835 хүн саатуулагдсан гэсэн мэдээлэл гарсан бөгөөд энэ нь Оросын бахархах нэг шалтгаан хэмээн Навальный мэдэгдсэн байна.
"Дайн дуусгахын тулд бид шорон, саатуулах газрыг дүүргэх ёстой юм бол дүүргээд өгцгөөе" хэмээн Навальный мэдэгджээ.
Орост гуравдугаар сарын зургааны өдөр дайныг эсэргүүцсэн жагсаалыг сөрөг хүчнийхэн зохион байгуулахаар бэлдэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ