Оросын тусгай ажиллагааны эсрэг хууль бус жагсаал, цуглаанд оролцсоны улмаас хариуцлагад татагдсан хүмүүсийг Донбасс руу цэргийн албанд татах хуулийн төслийг Оросын Төрийн Дум хэлэлцэхээр болжээ. Энэ талаар Известия мэдээлсэн байна.
"ОХУ Зэвсэгт хүчнээ хилийн чанад руу илгээснийг эсэргүүцсэн хууль бус олон нийтийн арга хэмжээнд оролцсоны улмаас хариуцлагад татагдсан иргэдийг цэргийн албанд татна. Ийм иргэдийг Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улс руу цэргийн алба хаалгуулахаар илгээнэ" хэмээн хуулийн төсөлд заасан байна.
Энд дуулгахад, Орос улс хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолж эхэлснийг эсэргүүцсэн жагсаал ОХУ даяар өрнөж байгаа юм. Тус улсад жагсаал цуглаан хийхийг хориглож, энэ төрлийн арга хэмжээнд оролцсон хүмүүсийг олноор нь саатуулж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр байна. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, найм хоног зохион байгуулагдсан эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хүний тоо 7000-ыг давжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |