Зеленский: Европ сэрээч, АЦС шатаж байна

Украины Запорожийн атомын цахилгаан станцад гарсан хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Владимир Зеленский Европт ханджээ. Тэрбээр Европын улс төрчдийг "сэрэхийг" уриалсан байна.
Тэрбээр энэ мэдэгдлээ Телеграм хуудсандаа байршуулсан байна. Оросын танкууд эрчим хүчний блокууд руу буудаж байна гэж Зеленский мэдэгдэлдээ онцолжээ.
"Европ одоо сэрэх ёстой. Европын хамгийн том атомын цахилгаан станц шатаж байна. Яг одоо Оросын танкууд атомын блокууд руу буудаж байна. Эдгээр танкууд нь дулаан мэдрэгчээр тоноглогдсон, өөрөөр хэлбэл тэд хаашаа буудаж байгаагаа мэдэж байгаа гэсэн үг. Тэд үүнд бэлтгэсэн" хэмээн Зеленский мэдэгджээ.
Украины Запорожийн Атомын цахилгаан станцад байрласан Оросын цэргүүд гал нээсний улмаас энэ станцын нэг хэсэг шатаж эхэлсэн талаарх мэдээлэл хоёр цаг орчмын өмнө гарсан юм.
"Оросын арми Европын хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожийн АЦС-ын бүхий л талаас буудаж байна. Хэдийнэ гал гарсан. Энэ дэлбэрвэл Чернобылийн сүйрлээс 10 дахин аюултай осол болно. Орос улс нэн даруй галаа зогсоож, гал сөнөөгчдийг оруулан, аюулгүй байдлын бүс тогтоох ёстой" хэмээн Украины Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдэж байв.
Оросын талаас тасралтгүй буудаж байгаа тул гал унтраах баг станц руу ирж, гал түймэр унтрааж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл гарч байлаа. Яг одоогийн байдлаар буудах нь зогссон ч нөхцөл байдал сайгүй байгаа гэж Украины хэвлэлүүд мэдээлжээ.
Байдал ноцтойгоор эргэхэд тун ойрхон байгааг Украины Ерөнхийлөгч анхааруулсан байна. Чернобылийн атомын цахилгаан станц дээр осол гарсны улмаас ямар хор уршиг дагуулсныг тэрбээр сануулаад, Орос улс үүнийг давтахыг хүсэж байна, гэхдээ энэ удаад Чернобылийн сүйрлээс зургаа дахин их хор уршиг дагуулна гэж Зеленский мэдэгджээ. Учир нь Запорожийн АЦС дээр зургаан эрчим хүчний блок байдаг бол Чернобыльд нэг блок дэлбэрч байсан аж.
Европын хамгийн том АЦС
Запорожийн АЦС нь Европын хамгийн том станцад тооцогддог. Украины Энергодар хотод байрлах энэ станцыг байгуулах шийдвэрийг 1977 онд гаргаж байжээ. 1979 онд станцын барилгын ажил эхэлснээр бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хурдасгасан байна.
Энэ станцыг шат дараатайгаар байгуулж, 1989 онд тавдугаар эрчим хүчний блокийг , 1993 онд зургадугаар блокийг ашиглалтад оруулсан байна.
2014 оны байдлаар энэ станцад 11,5 мянга гаруй хүн ажиллаж байв. 20105 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Запорожийн АЦС нь эхний эрчим хүчний блокийг ашиглалтад оруулснаас хойш 1 их наяд кВтч цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн дэлхийн анхны станц болсон юм.
Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын хоёрны өдөр түүхэндээ анх удаа хүчин чадлаа 100 хувь ашиглаж, 6040 МВт гэсэн үзүүлэлтэд хүрсэн бол үүнээс 20 хоногийн дараа 6140МВт хүчин чадалд хүрч, дээд амжилт тогтоож байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ