Э.Парсонс: Паралимпчид боломж байвал бүхнийг хийж чадна гэдгээ бусдад харуулдаг

Гуравдугаар сарын дөрөвний үдэш Хятадын нийслэл Бээжин хотноо Өвлийн паралимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.
Нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон нийт уран бүтээлчдийн 30 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан гэж найруулагч нь мэдээлжээ.
Энэ удаагийн ёслолын арга хэмжээнд 46 орны баг тамирчид далбаагаа барин цэнгэлдэх хүрээлэнгээр жагсан өнгөрлөө. Беларусь, Оросын тамирчид наадмын нээлт хаяанд тулсан үед тэмцээнд оролцох эрхгүй болсон бөгөөд энэ нь Оросын Украинд үзүүлж буй үйлдэл, Беларусь түүнийг нь дэмжсэнтэй холбоотой юм.
Олон улсын Паралимпийн хорооны тэргүүн Эндрю Парсонс наадмыг нээж хэлсэн үгэндээ дэлхийн хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг, мөн тэд боломж олдвол бүхнийг хийж чаддаг гэдгийг онцоллоо.
"Дэлхийн хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг бөгөөд паралимпчид үлдсэн 85 хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боломж өгвөл тэд хүссэнээ хийж чаддаг гэдгийг харуулдаг юм" хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн WeThe15 хөтөлбөрийг эхлүүлснээ тэрбээр зарласан байна. Энэ нь 18 олон улсын байгууллагаас бүрдсэн эвсэн бөгөөд тэд хөгжлийн бэрхшээлд олны анхаарал хандуулах аяныг зохион байгуулах аж.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс та бүхэн бүгдээрээ бүрэн дүүрэнх амьдралаар амьдарч, мөрөөдлөө биелүүлж, амьдралын уналт босолтыг даван туулж, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулах эрхтэй. Пралаимпийн тамирчид та бүхний хувьд дэлхийг хамарсан цар тахлын үед энэ наадамд бэлтгэхэд тун амаргүй байлаа. Та бүхэн шийдэмгий, тууштай байдлын илэрхийлэл болж байна" хэмээн Эндрю Парсонс мэдэгджээ.
Түүнийг ийнхүү үг хэлж дууссаны дараа БНХАУ-ын дарга Ши Жинпинь Паралимпийн наадам нээгдсэнийг зарлав.
Паралимпийн наадам гуравдугаар сарын дөрөвнөөс 13-ны өдрүүдэд Бээжин хотноо болж, баг тамирчид спортын зургаан төрлөөр 78 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ