Украины сэтгүүлч: Шойгу төрийн эргэлт хийж болзошгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гарган, хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Укрин руу довтолж эхэлснээс хойш энэхүү үйл явдал олны анхаарлыг татсан гол сэдэв болоод байна.
Талууд хоёрдугаар сарын 28-ны өдөр хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрэлгүй, хоёр дахь шатны хэлэлцээг гуравдугаар сарын дөрөвний өдөр зохион байгуулсан ч хүмүүнлэгийн хонгил байгуулахаас өөр дорвитой тохиролцоонд хүрч чадаагүй юм. Гурав дахь шатны хэлэлцээ даваа гарагт болж магадгүй талаар хэвлэлүүд мэдээлж байгаа ч сөргөлдөгч хоёр талаас албан ёсны мэдээлэл гараагүй л байна.
Ийнхүү талуудын хэлэлцээ төдийлөн амжилтад хүрэлгүй, байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед энэхүү үйл явдал цааш хэрхэн эргэх талаар төрөл бүрийн таамаг гарсаар байгаа юм. Тухайлбал, хэвлэлийнхэн Орост төрийн эргэлт гарч болзошгүй хэмээн таамаглажээ.
Тодруулбал, Оросын Батлан хамгаалахын сайд төрийн эргэлт хийж болзошгүй, үйл явдал ингэж эргэхийг хүсэж байгаа хүн олон гэж Украины сэтгүүлч Роман Цимбалок "24 канал" сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр Путиний эхлүүлсэн дайн эх оронд нь өөрөөр эргэхээр болж байгаа, харин Украин тэсэж үлдэнэ хэмээсэн байна.
"Бид тэсэж үлдэнэ, үүнд эргэлзэх зүйлгүй. Учир нь энэ ардын дайн. Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Украины эх орны дайн" хэмээн Роман Цимбалюк мэдэгджээ.
Сергей Шойгу Орост төрийн эргэлт хийж болзошгүй гэсэн таамаглал маш их гарч байгааг тэрбээр онцолсон байна. Оросын сайд энэ асуудлыг асар богино хугацаанд шийдэх ёстой гэж Украины сэтгүүлч өгүүлжээ.
"Энх тайванч улс"-ын Ерөнхийлөгч болоход түүнд хангалттай өндөр рейтинг бий. Бүх гэмт хэргийг Путинд үүрүүлчихнэ" хэмээн Роман Цимбалюк өгүүлжээ.
Мөн Оросын элитүүд, бизнес хүрээллийнхэн улс орондоо болж байгаа зүйлээс болж хэдийнэ залхсан, тэд Путиний үйлдлээс болж бүгд хөрөнгө нь эрс багассан талаар сэтгүүлч нэмж өгүүлсэн байна.
АНУ-ын сэтгүүлч ч мөн ийм таамаглал дэвшүүлсэн байна. Гэхдээ Шойгу эргэлт хийхээсээ өмнө шийтгүүлж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ.
"Ирэх долоо хоногт Шойгу төрийн эргэлт хийнэ гэж Путин эмээж байгаа" гэх мэдээлэл гарч эхэлжээ. Энэ талаар Америкийн сэтгүүлч Жеймс Пачилео АНУ дахь албан этгээдүүдийн таамаглалаас иш татан Твиттер хуудсандаа бичсэн байна.
Түүний өгүүлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг огцруулахад бэлдэж байгаа байх гэж Вашингтоны албан этгээдүүд таамаглаж басйгаа гэнэ. Улмаар Шойгуг ОХУ-д урвагч, авлигач хэмээн зарлаж, шүүхээр оруулж болзошгүй аж.
"Сергей Шойгу ирэх долоо хоногт төрийн эргэлт хийхээс Путин болгоомжилж байгаа байх гэж АНУ-ын албаны этгээдүүд таамаглаж байгаа. Хүмүүсийн зай холдсон, хаалттай хаалганы цаана ярьж байгаа зэрэг нь түүнийг солих төлөвлөгөө боловсруулж байгааг гэрчилнэ" хэмээн сэтгүүлч бичжээ.
Сергей Шойгу 10 дахь жилдээ Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байгаа юм. Тэрбээр 2012 оны 11 дүгээр сарын зургааны өдөр томилогдож байв. Үүнээс өмнө найман жилийн туршид Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байв. Шойгу ОХУ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн, Путиний хамгийн ойрын хүмүүсийн нэгд тооцогддог бөгөөд хэвлэлийнхэн түүнийг Путиний орыг залгана гэж бичдэг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ