Anonymous Оросын төрийн телевизийн сувгуудыг хакерджээ

img

​​

Дэлхийд алдартай Anonymous хакерчдын бүлэг ОХУ цэргийн ажиллагаа эхэлсэн өдөр Орост албан ёсоор дайн зарлаж байгаагаа мэдэгдэж байв. Улмаар тэд Оросын төрийн оролцоотой хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагуудын сайтуудыг хакердаж эхэлсэн бөгөөд халдлагад өртсөн сайтуудын зарим нь одоо ч бүрэн сэргээгүй байгаа юм. 

 

Улмаар энэ бүлэглэлийнхэн өнгөрсөн ням гарагт Оросын төрийн телевизүүдийг хакердаж, дайныг эсэргүүцсэн мэдэгдэл байршуулсан байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Оросын Wink, Ivi стриминг сервисүүд, "Первый", "Россия 24", "Москва 24" гэсэн телевизийн сувгууд цахим халдлагад өртжээ. Эдгээр сувгуудаар гарах мэдээний оронд Харьковыг бөмбөгдөж байгаа дүрс, мөн дайныг эсэргүүцсэн текст харуулсан байна. 

 

"Бид Оросын энгийн иргэд. Бид Украины нутаг дэвсгэр дээр хийж буй дайныг эсэргүүцэж байна. Орос улс болон оросууд дайны эсрэг! Энэ дайныг Путиний гэмт дэглэм ОХУ-ын энгийн иргэдийн нэрийг барин өдөөсөн" хэмээн дэлгэцэн дээрх бичигт өгүүлэх аж. 

 

Энэ бичиг, дүрс нэг их удаагүй гэж үзэгчид мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ