Б.Нарантуяа: Бильярд бол мэдрэмж, сэтгэлзүйн спорт

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин, ОУХМ Баярсайханы Нарантуяа хүрэл медаль хүртлээ. Мөн тэрбээр тус улсад зохион байгуулагдсан ДАШТ-ий шилдэг наймд шалгарсан юм.
Ингээд ОУХМ Б.Нарантуяатай цахимаар холбогдож, цөөн хором ярилцлаа.
Сайн байна уу? Юуны өмнө танд баяр хүргэе. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
-Сайн байцгаана уу? Баярлалаа. Та бүхэндээ баярын мэнд хүргэе.
Снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Анх удаа снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Ингэхдээ хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг олон улсад гаргасандаа маш их баяртай байна. Тайланд, БНЭУ, Герман, Бельги улсын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Тайланд болон БНЭУ-д бильярд бараг үндэснийх нь спорт болж хөгжсөн байдаг. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнүүд дууссан. Эрэгтэйчүүдийн ангиллын тэмцээн явагдаж байна. Тэмцээний дараа “Хаанаас ийм тамирчин гараад ирэв” гэж маш их асуусан./инээв/
Өмнө пүүл бильярдын төрлөөр олон тэмцээн уралдаанд оролцож байсан. Харин снукер бильярдын төрлөөр олон улсын хоёр дахь тэмцээндээ оролцож байна.
ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хэчнээн тамирчин оролцож байна вэ? Ер нь манай улсад бильярдын спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчид олон байдаг байх?
-Монгол улсаас гурван эмэгтэй, хоёр эрэгтэй тамирчин оролцож байна. Олон орны тамирчид өрсөлдөж байна. Монгол Улсад бильярдын спортоор хичээллэдэг олон эмэгтэй тамирчин бий. Цаашид бильярдын спортоор хичээллэхээр сонирхож байгаа хүмүүс ч байгаа байх.
Хүмүүс ихэнхдээ чөлөөт цагаараа бильярд тоглодог. Та хэзээнээс бильярдын спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Бильярдын спортоор хичээллээд 11 жил болж байна. Намайг бага байхад аав маань найзуудтайгаа бильярд тоглодог байлаа. Аавынхаа тоглохыг хараад бильярдад дуртай болсон. Ингээд бильярдын спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед манай улсад бильярд дөнгөж танигдаж байлаа. Хүмүүс чөлөөт цагаараа гудамжинд их тоглодог байсан. Өөрийн хүсэл сонирхлоороо бильярд тоглодог хүмүүсээс суралцсан. Харин одоо спорт болтлоо хөгжжээ.
Анх бильярд сонирхож, тоглож эхэлж байхад бильярдыг эрэгтэйчүүд л тоглодог байсан. Өөрөөр хэлбэл, бильярдын газар эрэгтэй хүмүүс л байдаг байсан. Тиймээс гэрийнхэн маань санаа зовж, дургүйцдэг байлаа. Ингээд 2006 онд манай улсад бильярдын тэмцээн уралдаан зохион байгуулагддаг гэдгийг мэдсэн. Улмаар пүүл бильярдын төрлөөр анх удаа тэмцээнд оролцож, хоёрдугаар байранд шалгарсан. Ингээд л гэр бүлийнхэн маань “тууштай хичээллэнэ гэж бодож байгаа бол хичээгээд үз. Өөрөө л мэд” гэж хэлсэн.
ЕБС-д онц сурдаг хүүхдүүд ямар нэгэн тэмцээн, уралдаанд оролцож медаль авдаг байсан. Харин миний хувьд сайн сурдаг байсан ч медаль авч үзээгүй. Хамгийн анхны медалиа бильярдын тэмцээнээс авч байлаа. Тиймээс маш их урамшиж, хичээсэн.
Ер нь бильярдын хэчнээн төрөл байдаг вэ?
-Пүүл, снукер зэрэг бильярдын спорт маш олон төрөлтэй. Жишээлбэл, снукер бильярд нь том ширээтэй, жижиг шааригтай, оноогоор тоглодог.
Та тэмцээн уралдаанд оролцохдоо сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Ер нь бильярд нь маш их мэдрэмж шаарддаг, сэтгэлзүйн спорт. Хажуугаас хүмүүс харахдаа амархан гэж хардаг. Гэхдээ тийм биш. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо сэтгэлзүйн хувьд тайван байхыг хичээсэн. Энэ ч нөлөөлж, амжилттай оролцлоо.
Бильярдын спортоор хичээллэхийн хамгийн сайхан нь юу вэ?
-Бүх анхаарлаа төвлөрүүлж тоглодог. Хожих мэдрэмж хамгийн сайхан.
Сүүлийн жилүүдэд бильярдын спорт манай улсад эрчимтэй хөгжиж байна. Бильярдын холбоод байдаг?
-Монголд бильярдын спортыг залуучууд маш их сонирхож, хичээллэдэг болсон байна. Хүмүүс ч мөрийтэй тоглодог тоглоом биш спорт гэдгээр нь хүлээж авч байна. Бильярдыг спорт гэдгээр нь ойлгуулах гэж тамирчид маш их хичээсэн. Үүний дүнд бильярдын талаар бүгд их бага хэмжээний ойлголттой болжээ.
Монголд бильярдын дөрвөн холбоо бий. Тус бүрдээ ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг нь өөрсдөөс нь авбал зүгээр байх.
Цаашид бильярдын спортыг илүү хөгжүүлэхийн тулд юуг анхаарч ажиллах шаардлагатай байна вэ?
-Монгол Улсад бильярдын спортыг өндөр түвшинд хөгжүүлэхийн тулд тамирчдаа маш сайн дэмжих хэрэгтэй байна. Олон улсын тэмцээн уралдаан, сургалтад хамруулах шаардлагатай.
Бильярдын спортоор хичээллэхээр сонирхож буй хүүхэд, залуус, бүсгүйчүүддээ зөвлөвөл?
-Анх сонирхож байсан шигээ тууштай байх нь маш чухал. Замын дундаас орхиж болохгүй. Бильярдын клубт элсэж, мэргэжлийн багшаар заалгаарай гэж хэлье. Хувь хүн өөрөөс нь шалтгаална. Тууштай байсны үр дүнд амжилт гаргана. Надтай холбогдож, зөвлөгөө авах боломжтой.
Таны цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Бидэнд боломж их байгааг маш сайн ойлголоо. Тиймээс ДАШТ-нд түрүүлэх, амжилтаа ахиулах зорилготой байна.
Тамирчдад олон улсын тэмцээн уралдаанд оролцоход зардал мөнгөний асуудал үүсдэг. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн Баясах Констракшн компанийн хамт олондоо, эрчим инженеринг компанийн захирал н.Магнай, Элит клубын хамт олон, пүүл бильярд клубын хамт олон, 147 бильярд клубын хамт олон, Ari fashion, бүх хүмүүст маш их баярлалаа. Та бүхэн минь тусалж дэмжсэн учраас тэмцээндээ амжилттай оролцлоо.
Мөн монголынхоо бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе. Мөн ээждээ, эгчдээ, намайг таньдаг бүх хүмүүстэй аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ