Беларусийг орхиж буй дэлхийн брэндүүд
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "цэргийн тусгай ажиллагаа" явуулах шийдвэр гарган, Украин руу довтолсоноос хойш Беларусь улс ОХУ-ыг тасралтгүй дэмжиж байгаа гэж барууны орнууд үзэн, Оросын зэрэгцээ энэ улсын эсрэг ч томоохон хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.
Украин руу довтолж байгааг эсэргүүцсэн болон үүссэн нөхцөл байдлын улмаас нийлүүлэлт, логистикийн хүндрэл гарсантай холбоотойгоор дэлхийн брэндүүд Оросын зах зээлийг орхиж байгаа энэ үед Беларусиас ч томоохон брэндүүд гарч эхэллээ.
Олон улсын томоохон компаниудын зарим нь Беларусь дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаа бол нөгөө хэсэг нь энэ улсын зах зээлийг нэг мөр орхиж байгаагаа зарлаж байна.
Тэдний нэг болох H&M брэнд Беларусь дахь дэлгүүрүүдээ хаахаар болсноо гуравдугаар сарын гуравны өдөр зарлажээ. Энэ компанийн сайт дахь Беларусийн хэсэг рүү орвол "сайт түр хугацаанд ажиллахгүй" гэсэн мэдээлэл байршжээ.
"H^&M Group Орос дахь бүхий л худалдаагаа зогсоохоор шийдлээ. Ингэснээр дараагийн мэдэгдэл хүртэл бүх төрлийн дэлгүүрүүд хаагдана" хэмээн компанийн сайт дээр мэдээлсэн байна. Энэ мэдэгдэлд гагцхүү Оросын талаар мэдээлсэн ч Беларусийн нийслэл Минск, Гродно хот дахь дэлгүүрүүд ч хаагджээ.
Шведийн IKEA компани ч Орос, Беларусьт үйл ажиллагаа явуулахаа зогсоосон байна. Энэ компанийн сайт дээр "борлуулалтаа зогсоохоос аргагүй болсон тул" Оросын сүлжээ дэлгүүрээс гэртээ бараа бүтээгдэхүүн хүргүүлж авахыг санал болгожээ.
Финландын Olvi шар айрагны концерн Беларусийн "Лидское пиво" компанитай хамтран ажиллахаа зогсоожээ. Энэ шийдвэрийг удирдлагын зөвлөл нь гаргасан байна. Гэхдээ Беларусьт ажиллаж байгаа 840 ажилтныхаа цалинг үргэлжлүүлэн олгоно гэж мэдэгджээ.
Өндөр технологийн салбарын компаниуд ч Беларусийн зах зээлээс гарч байна. Тухайлбал, Америкийн Intel, AMD компьютерын чип үйлдвэрлэгчид Беларусь, Орос руу бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй байхаар шийдсэн байна.
Тэдний шийдвэр нь Украин дахь ОХУ-ын тусгай цэргийн ажиллагаанаас үүдэлтэйгээр АНУ-ын тавьсан хориг арга хэмжээтэй холбоотой гэж компанийн удирдлагууд мэдээлжээ.
Түүнчлэн сүлжээний тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч болох Америкийн Cisco компани ч Украинтай холбоотой нөхцөл байдлын улмаас Беларусь, Орос дахь үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна.
Беларусийн зах зээлийг орхихоор шийдсэн компаниудын жагсаалтад аяллын үеэр байр түрээслэх сервисүүд болох Airbnb, Воoking.com, такси үйлчилгээний Bolt, шуудан болон хүргэлтийн үйлчилгээний DHL, FedEx. UPS гээд олон компаниуд багтжээ.
Зарим брэндүүд ОХУ дахь үйл ажиллагаагаа түр зогсоох тухай шийдвэр гаргахдаа энэ шийдвэртээ Беларусийг чч мөн адил хамааруулж байна. Ийм шийдвэр гаргасан компаниудын дунд Холливудын Paramaunt, Sony, Warner Bros., Disney, Universal Pictures гэсэн компаниуд багтаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ