ОХУ: Долларгүй, гадаадын компанигүй, хил гарах боломжгүй амьдрал

Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш оросуудын амьдрал ихээхэн өөрчлөгдөв. Хил хаагдаж, рублийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ эрс өслөө. Барууны компаниуд олноороо Оросыг орхин гарч, Оросын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхээ зогсоож байна.
Boeing, Airbus, Apple , Nokia, IKEA, ExxonMobil, BMW,Ford гээд олон зуун компани, байгууллага Оросыг орхин гарахаа мэдэгдсэн юм. Оросын томоохон банкуудыг SWIFT системээс салгасан бол Visa, Mastercard төлбөрийн системүүд Оросын банкаар гүйлгээ хийх боломжгүй болсон талаар ВВС мэдээлжээ. Түүнчлэн капиталист өөрчлөлтийн бэлгэ тэмдэг болсон "Макдональдс" компани ч Орос дахь үйл ажиллагаагаа зогсоохоор болсон юм.
Гадаадын валют
Зөвлөлтийн үед валют чөлөөтэй хөрвүүлэхийг хориглосон, хууль бусаар валютын гүйлгээ хийсэн бол цаазын ял оноох хүртэл шийтгэлтэй байжээ. Хилийн чанад руу ажлын томилолтоор явах гэж байгаа эсвэл жуулчны бичгээр аялах гэж байгаа хүмүүс л хууль ёсны дагуу багахан доллар авах боломжтой байжээ. Харин хилийн чанадад зарцуулаагүй үлдсэн валютыг эх орондоо эргэн ирээд заавал тушаах ёстой байв.
Одоо үүнтэй ижил нөхцөл байдал үүсчээ. Оросын банк лхагва гарагт шилжих шөнө бэлэн валютын гүйлгээнд хязгаарлалт тавилаа. Ингэснээр Орост валют худалдан авах боломжгүй болж байгаа юм.
Оросын Төв банкны мэдэгдсэнээр одоо оросууд хилийн чанад руу явах байлаа ч бэлнээр валют авах боломжгүй. Гагцхүү Оросын "Мир" картнаас ваоют гаргаж болох аж. Гэвч энэ картыг гагцхүү Турк, Вьетнам, Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан гэсэн цөөн оронд л ашиглах боломжтой.
Валютын данстай хэрэглэгчид бэлэн валют авч болох ч үнийн дүн нь 10 мянган доллараас хэтэрч болохгүй. Үлдсэнийг нь гагцхүү рублиэр авна. Харин данснаасаа евро авч болохгүй гэнэ. Иргэд шинээр валютын данс, хадгаламж нээлгэж болох ч энэ данс, хадгаламжаасаа гагцхүү рублиэр л мөнгө гаргана. Энэ "түр журам" нь есдүгээр сарын есний өдөр хүртэл үйлчлэх юм байна.
Хил
Зөвлөлтийн үед хүмүүс хилийн чанадыг зорихын тулд ямар ч зөрчилгүй байхын дээр маш олон тодорхойлолт, лавлагаа цуглуулж, хилийн чанад руу явах гэж байгаа бүх хүнийг Улсын аюулгүй байдлын хороо нарийвчлан шалгадаг байж. Тухайн үед дипломатуудаас гадна далайчид, тамирчид, жүжигчид болон бусад социалист орнууд руу зорчих жуулчид гадаад паспорт авах боломжтой байсан гэнэ.
Одоо ч үүнээс ялгаагүй нөхцөл байдал үүсчээ. Оросоос гарахыг албан ёсоор хориглоогүй ч Оросын иргэд хилийн чанадыг зориход нэн хүндрэлтэй болсон гэнэ. Европын холбоо, АНУ, Канад зэрэг улс орнууд Оросын онгоцнуудыг агаарын орон зайдаа орохыг хориглосны улмаас олон оронтой харилцдаг агаарын харилцаа зогссон юм.
Түүнчлэн зарим орны визийн төвүүд оросуудаас визний материал хүлээж авахаа зогсоосон талаарх мэдээллийг ВВС дамжуулжээ.
Нийтийн хоолны салбар
ЗХУ оршин тогтнож байх үеэр буюу 1990 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Москва хотноо Макдональдс нээгдсэн нь тухайн үеийн ховор содон үзэгдэл байв. Харин Орос Украины асуудлаас болж Макдональдс Орос дахь бүхий л зоогийн газраа түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Түүнчлэн Sraebucks, KFC зэрэг бусад нийтийн хоолны газрууд ч үйл ажиллагаагаа зогсоохоор шийдсэн гэнэ.
Украин руу довтолж эхэлснээс хойш Москвагийн кафе зоогийн газруудын үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан байна. Рублийн ханш эрс унаж, бүтээгдэхүүний үнэ өссөн, зоогийн газрын бизнес шинэ нөхцөлд дасан зохицохоос аргагүй болжээ.
Хэвлэл мэдээлэл ба үг хэлэх эрх чөлөө
Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Орост олон хараат бус хэвлэлүүд хаагджээ. Түүнчлэн "хуурамч мэдээллийн тухай" хууль батлагдсаны улмаас Оросын цэргийн ажиллагааны талаарх "хуурамч мэдээлэл" түгээсэн хүнд 15 хүртэлх жилийн ял оноох боломжтой болсон байна.
Түүнчлэн "хууль бус" гэдэг шалтгаанаар дайныг эсэргүүцсэн жагсаал, цуглааныг тарааж, оролцогчдыг нь баривчлан саатуулж, торгосоор байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ