Сагсан бөмбөгийн холбоод өөрсдөө УЧРАА ОЛ

img

 

Монголын сагсан бөмбөгийн “Янзтай” дээд лигийн хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Энэ жил дээд лигийн тэмцээнийг 13 багтайгаар зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд хуваагдалтай байсан холбоод эв зүйгээ олж, нэгдсэн дээд лигээ зохион байгуулж байгаа нь энэ. Гэвч тэд  бүрэн эвлэрээгүй бололтой. Энэ нь ч нэгдсэн дээд лигийн плэйоффын тоглолтуудад ажиглагдаж байв.

 

Тэгвэл өчигдөр “Янзтай” дээд лигийн комиссар Б.Ялалт мэдээлэл хийж, Ерөнхийлөгчид хүсэлт гаргалаа.

 

Тэрбээр, “Нэгдсэн дээд лигийн хагас шигшээ тоглолтууд явагдаж байгаа. Энэ жил мэргэжлийн зөвлөл, комиссар, зохион байгуулагч, шүүгчдийн зөвлөл гэсэн дөрвөн салбар хороотойгоор зохион байгуулсан. Анх удаагаа шүүгчид өөрсдийн томилгоо хийсэн. Улирал эхэлснээс хойш хэд хэдэн шүүгчид сануулга өгч, нэг шүүгчийн эрхийг хассан. Энэ бол дотоод ардчилал сайн байгаагийн илрэл. 

 

Нэгдсэн Дээд лигийн энэ эв нэгдэл маш амжилттай үргэлжилж байгаа ч маш эмзэгхэн байгаа.  Нэг л буруу гишгэж, алдвал энэ эв нэгдэл задрах аюул ойрхон байна. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс оновчтой шийдвэр гаргахын тулд маш их зөвлөлдөж ажиллаж байна. Энэ жил Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг Азийн наадам зэрэг томоохон тэмцээнүүд хүлээж байгаа. 

 

Лигийн тэмцээн дуусахтай зэрэгцэн эв нэгдэл дуусчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна. Монголын сагсан бөмбөгийн холбоодын удирдлагыг хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцуулах, тамирчдын эрх ашгийг хамгаалахад манлайлал үзүүлээч гэж хүсмээр байна” гэв.

 

 

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын үндэсний шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлалаа. Тодруулбал, өргөтгөсөн шигшээ багийг тоглогчдын статистик үзүүлэлт дээр тулгуурлан МСБХ-ны шигшээ багийн комисс албан ёсоор зарласан юм.

 

Энэ бүхнээс харвал аливаа асуудлыг эвлэрүүлэн зуучлах үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч гүйцэтгэдэг болжээ. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг хэдий ч асуудалтай холбоод бүрийг эвлэрүүлнэ гэсэн үг биш. Өмнө  нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Энэ удаа харин Сагсан бөмбөгийн холбоод хүсэлт гаргалаа. Маргааш ямар холбоо нь хүсэлт гаргах бол.

 

Ер нь асуудалтай холбоод бүрийг авч уулзаж, эвлэрүүлнэ гэж байхгүй. Тэд өөрсдөө асуудлаа шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, сагсан бөмбөгийн холбоод  өөрсдөө учраа олох хэрэгтэй. 

 

 

М.Насан 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Shudraga irgen:
Asuudlin gol ni darga boloh huseltei humuus olshirsoniih. Uhaantai humuus minii ugiig oilgono.
2022-03-10
ЗОЧИН:
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХИЙХ АЖИЛ БАЙХГҮЙ Л БАЙГАА ЮМ УУ, МОНГОЛЫН ХОЛБООД ХҮНЭЭСЭЭ ИХ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ,
2022-03-10