Украины хотод Путиний үг бүхий ухуулах хуудас тарааж байна

Оросын цэргүүд эзэлсэн Украины Мелитополь хотын оршин суугчдад ухуулах хуудас тарааж байгаа талаар Украины УНИАН агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ ухуулах хуудас дээр Орос улс "энх тайван, аюулгүй байдлыг хангаж байгаа" гээд, Украины цэргийн алба хаагчдыг "зэвсгээ хаяж, гэртээ харихыг уриалсан" гэнэ.
Оршин суугчдад хандсан мэдэгдэлд "Хүндэт мелитопольчууд аа, Орос улс Украины ард түмэнтэй байлдаагүй. Эрх мэдэл ард түмний гарт болохоос Киевийн хунтад хамаарахгүй. Орос улс та бүхэнд энх тайван, аюулгүй байдлыг баталгаажуулж өгч байна. Энгийн иргэдэд ямар ч аюул учирахгүй" хэмээн бичсэн гэнэ.
Түүнчлэн "бодит мэдээлэл" авахын тулд Оросын хэвлэлүүдийг уншихыг санал болгосон аж. Ухуулах хуудсан дээр Орос довтолж орсныг "чөлөөлөх ажиллагаа" хэмээн нэрлээд, Оросын арми орон сууцны хорооллууд руу огт буудаагүй гэж бичжээ.
Харин украинчуудад хандан Путин хийсэн мэдэгдэл гэх өөр ухуулах хуудсанд "Орос улс өөрсдийгөө хамгаалж байгаа" хэмээн бичсэн байсан гэнэ. Мөн Украины цэргийн алба хаагчдад хандан "гэмт хэргийн шинжтэй тушаалыг биелүүлэхгүй байх", "зэвсгээ хаяж гэртээ харих"-ыг уриалсны дээр "гэртээ харихад нь ямар ч саад учруулахгүй" хэмээн амалсан байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ