Хамгаалалтын захиргаадын мэдээлэл
Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгуудын Хамгаалалтын Захиргаадаас ирүүлсэн мэдээллийг хүргэе. Говийн их ДЦГ “А”: • Хоёр хэсэгт хяналтаар 6 хүн ажиллаж, гар аргаар алт олборлохыг завдсан нэг зөрчил илрүүлж, таслан зогсоолоо. Богдхан уулын УТХГ: • Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу 2012-01-17-19-ний өдөр хүртэл хугацаанд хамгаалалтын захиргааны орлогч дарга С.Наранцэцэг, мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг, А.Мөнхтуяа жолооч Ж.Нямдорж, 4-р хэсгийн байгаль хамгаалагч С.Батбаатар, Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын ажлыг Түргэний амнаас Төрхурахын ам, Түргэний амны Өвөр зайсан, Өвгөний ам, Их, бага цагаан уул, Дүгнэн уул, Зүрх уул, Жаргалантын амнаас Түргэний ам гэсэн маршрутаар явууллаа. Хан Хэнтийн УТХГ: • Горхи-Тэрэлжийн БЦГ, Туул голын эхэнд минж нутагшуулах төслийн ажлаар хамгаалалтын захиргааны орлогч дарга Б.Хашмаргад тус төслийн багийнхантай ОХУ-д ажиллаж байна. • “Restaurant’s guide of Mongolia” сэтгүүлийн анхны дугаарт хамгаалалтын захиргааны дарга “Хан Хэнтий тусгай хамгаалалттай газар 20 жил” сэдэвт ярилцлага өглөө. Уг ярилцлагаар Хан Хэнтий ТХГ-ын товч танилцуулга, тус бүс нутгийн байгаль орчны тогтолцоон дахь ач холбогдол, аялал жуулчлал, хамгаалалтын захиргааны 20 жилийн ой угтан хийгдсэн бүтээлч ажлуудын талаар нийтлэгдэв. Дорнод Монголын УТХГ: • “Зэрлэг амьтны хууль бус худалдаа, хулгайн антай тэмцэх хамтарсан баг”-ийн ажлын төлөвлөгөөний дагуу Дорнод аймгийн хамтарсан багийн гишүүд хяналт шалгалтын ажлаар 2012 оны 1 дүгээр сарын 7-ноос 22-ныг хүртэл Хавирга хилийн боомт дээр ажиллаж эхлээд байна. Тус багийн бүрэлдэхүүнд ДХЗ-ны байгаль хамгаалагч, улсын байцаагч Ж.Өлзийтөмөр, П.Амар, Тагнуулын газрын ажилтан З.Билгүүн, МХГ-ын улсын байцаагч С.Батхүү, Чойбалсан сумын улсын байцаагч Ж.Аварга, Цагдаагийн газрын ажилтан Б.Эрдэнэбилэг нар оролцож байна. Увс нуурын УТХГ: • Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Увс нуурын Торхилогын хэсэгт хяналт шалгалт хийх, 2012 онд тарих улиас бургасны мөчир Торхилог хэсгийн байгаль хамгаалагч М.Юнгэрдорж, идэвхтэн байгаль хамгаалагч Н.Бат-Эрдэнэ нараар бэлтгүүлэх ажлаар 1-р сарын 16-20-ны хооронд ажиллав. Хөвсгөлийн УТХГ: • Үүрийн эхийн Сарьдагт 4 тооны цааг 2км зайнаас нүдээр харлаа. Байгаль хамгаалагч Б.Пүрвээ, Д.Бямбадалай нар нуурын баруун хойд талаар хяналт шалгалт хийлээ. Мөн Ханх сумын БОТХБТ орон нутгаас хамтарсан хяналт шалгалтыг Хөвсгөл нуурын хойд хэсгээр байгаль хамгаалагч Г.Ухнаатай хийв. Хяналт шалгалт хийх явцад гарсан зөрчилгүй. Хар-Ус нуурын УТХГ: • Ховд аймгийн Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийн хүрээнд Аймгийн хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн БОАЖГ, байгаль орчны чиглэлийн ТББ-тай хамтран 2012 оны 1-р сарын 23-24-ны өдрүүдэд сургалт, семинар зохион байгуулахаар бэлтгэж байна. Онон-Балжийн БЦГ • Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди, Б.Алдармаа нар 16-17-ны өдрүүдэд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан “Хангай, Хэнтийн нурууны УТХГН-уудын менежментийн үр ашигт байдлын үнэлгээний арга зүй” сэдэвт семинарт оролцож, мэдлэг чадвараа дээшлүүлэв. Тужийн нарсны БЦГ: • Судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн С.Гэрэлбаатар, Хүрээлэн буй орчны хамгааллын ухаанаар докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгаалсан ба диссертац хэвлэн Улсын төв номын сан, Шинжлэх ухаан мэдээллийн төв, МУИС-ийн төв номын санд хувийг тус тус хүлээлгэн өглөө. Мөнххайрханы БЦГ: • Үндсэн хуулийн өдөрт зориулж АСТ, Дэвжээ тэмцээнүүд зохион байгууллаа. Тэмцээнд 7 байгууллага, хөдөөгийн 3 багийн иргэд хамрагдав. • Орчны бүсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн анхдугаар хурал болж, 2012 он хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2 нөхөрлөлд төсөл бичих талаар сургалт явуулж, төсөлд хамрагдахаар боллоо. Орхоны хөндийн БЦГ: • Хархорин сумын иргэн Ц.Энхболд, Д.Намсрай нар зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн тул тус бүрт 100000 төгрөгийн торгууль, 39000 болон 50700 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, захиргааны арга хэмжээ авав. • Хамгаалалтын захиргааны байранд ажилчдын үдийн цайны газар нээх, тохижуулах бэлтгэл ажил хийж байна. Их Богд уулын БЦГ: • БОАЖЯ-наас хуваарилсан бичгийн ширээ, сандал, компьютер, дүрс бичлэгийн аппарат, “Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр тавьсан зорилтын хэрэгжилт”, “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийн дунд хугацааны зорилт”, “Байгаль орчны төлөв байдлын 2008-2010 оны тайлан”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг оролцооны аргаар боловсруулах зөвлөмж” зэрэг ном, товхимлыг хүлээн авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ