ОХУ-ын 300 тэрбум долларын алт, валютын нөөцийг царцаажээ

Украинд Оросын тусгай цэргийн ажиллагаа эхэлсний дараа Оросын алт валютын асар их нөөцийг барууны орнууд царцаасан талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Харин чухам хичнээн хэмжээний хөрөнгө царцаасан талаарх мэдээллийг Оросын Сангийн сайд Антон Силуанов гуравдугаар сарын 13-ны өдөр мэдээлжээ.
"Манай нийт нөөцийн хэмжээ 640 тэрбум доллар орчим. Үүнээс 300 тэрбум орчмыг бид ашиглах боломжгүй болсон" хэмээн Антон Силуанов "Россия-1" сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Түүнчлэн Үндэсний баялгийн сан ч царцаагдсан гэдгийг нэмэж өгүүлсэн байна.
Оросын сайдын өгүүлснээр, бусад орнуудад төлөх өрөө валютаар өгөх боломжгүй болсон тул рублиэр төлнө гэсэн санал гаргаж байгаа гэнэ.
"Бид импортын төлбөрийг төлөх ёстой. Хүнс, эм бэлдмэл, нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн гээд. Оросын Холбооны Улсад нөхөрсөг бусаар хандсан, алт валютын нөөцийг ашиглахад ийм хязгаарлалт тавьсан орнуудад төлөх төлбөрөө бид рублиэр төлнө" хэмээн Оросын Сангийн сайд өгүүлжээ.
ОХУ өнгөрсөн долоо хоногт "нөхөрсөг бус орнууд"-ын жагсаалтыг баталсан бөгөөд энэ жагсаалтад Европын холбоо, АНУ, Их Британи, Япон зэрэг олон орон багтсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ