Хонконгийн оршуулгын товчоонууд ачааллаа дийлэхгүй байна

Хонконгт коронавирусийн халдвар нэмэгдэж, энэ халдвараас үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгаагийн улмаас энэ хотын оршуулгын товчоонууд ачааллаа дийлэхээ больсон талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хонконгийн оршуулгын товчоонууд дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл ямар ч үйлчилгээний захиалга авах боломжгүй болсон гэнэ. Энэ хотод 121 товчоо ажиллаж, өдөрт дунджаар 200 хүний оршуулгын ёслолыг гүйцэтгэдэг аж.
Зарим эмнэлгүүд цогцосыг тээвэрлэх хүртэл хадгалах бүсүүдээ өргөжүүлсэн байна. Түүнчлэн тусгай танхимд салах ёс гүйцэтгэхийг хориглосон тул коронавирусийн улмаас нас барсан хүмүүстэй ар гэрийнхэн нь салах ёс хийж чадахгүй байгаа аж. Мөн орон нутгийн захиргааны байгууллагууд нас барсны гэрчилгээг ч цаг хугацаанд нь өгч чадахгүй байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Хонконгт сүүлийн үед коронавирусийн халдвар эрчимтэй дэгдэж байгаа бөгөөд гуравдугаар сарын 13-ны өдөр 32,4 мянган халдварын тохиолдол, 264 нас баралт бүртгэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ