УНИАН: Укрианы Мариуполь хотод амиа алдсан хүний тоо 20 мянгад хүрч болзошгүй

Гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаарх, албан ёсны баталгаат мэдээллээр Украины Мариуполь хотод байлдааны ажиллагааны улмаас амиа алдсан хүний тоо 2357-д хүрчээ. Энэ талаар Мариуполь хотын даргын зөвлөх мэдэгдсэнийг УНИАН агентлаг дамжуулсан байна.
Хотын даргын зөвлөх Петр Андрющенкогийн мэдэгдсэнээр, хотод аймшигт нөхцөл байдал үүссэн бөгөөд Оросын довтолгооноос үүдэлтэйгээр 20 мянган хүн амиа алдсан байж болзошгүй гэнэ.
"Энгийн иргэд амиа алдсан талаарх мэдээллийг эмнэлгийн байгууллагын мэдээлэл дээр тулгуурладаг цагдаагийн газраас авч байгаа тул бодит байдлаас хол зөрүүтэй байна. Сүүлийн өдрүүдэд довтолгоо эрчимжсэн, бид бүслэлтээс гарч, амиа алдсан хүмүүсийг эрж хайвал амиа алдсан хүний тоо 20 мянгад хүрч болзошгүй" хэмээн Андрющенко мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр, хотын оршуулгын газар Оросын армийн хяналтад орсон нутаг дэвсгэрт байрладаг тул Мариуполь хотынхон талийгаачдаа "хашаа, гудманд" оршуулж байгаа гэнэ. Гэхдээ байнгын буун дуу хадаж байгаа тул "хүмүүс гэрээсээ гарч ойр дотныхноо оршуулж ч чадахгүй байгаа" хэмээн Андрющенко мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ