Орост хүнсний үнэ нэмэгдэж, инфляци 12,5 хувьд хүрчээ

ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон улсын хоригт өртөн, рублийн ханш унаж, нийлүүлэлт тасалдаж, хил хаагдсан гээд олон сөрөг нөлөө дагуулсаар, улмаар хэрэглэгчдийн халаасанд шууд нөлөөлж байгаа юм. Гуравдугаар сарын 16-ны өдөр Росстат болон Эдийн засгийн хөгжлийн яам долоо хоногийн хугацаан дахь инфляцийн өсөлтийн мэдээллийг нийтэлсэн бөгөөд энэ мэдээллээс харахад гуравдугаар сарын 5-11-ний хооронд долоо хоногийн хугацаанд инфляци 2,09 хувиар өсөж, нийт жилийн дүнгээр 12,54 хувийн өсөлттэй гарчээ.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, хүнсний үнэ мэдэгдэхүйц өссөн байна. Оросууд их хэмжээгээр авч байгаа элсэн чихэр 12,7 хувь, улаан лооль 12,2 хувь, гадил 11,3 хувиар өссөн байна. Түүнчлэн зурагт, тоос сорогч, ухаалаг утас зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийн үнэ эрчимтэй өсөж байгаа гэнэ.
Ийнхүү хүнс, бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа бол түлшний үнэ буурсан байна. Украинд тусгай цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш дэлхийн олон орон Оросын газрын тосыг худалдан авахаас татгалзсаны улмаас дотоодын зах зээл дээр ихээр хуримтлагдсан байна.
Ингээд түлшний бөөний үнэ 11 хувиар буурсан байна. Гэхдээ шатахуун түгээх станцууд дээр нэг их биш, бензин 0,08 хувь, дизель түлш 0,13 хувиар буурчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ