МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ыг самрахаар Х.Баттулгыг захиалсан уу

АН-ын даргад Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшиж буйтай холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Хувь хүний эрх чөлөө, парламентад ёс, ардчилсан тогтолцоог хамгаална гэж Х.Баттулга АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ардчилсан Үндсэн хуулиндаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Харамсалтай нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргаашнаас Монголын ардчилалд заналхийлж эхэлсэн. АН-ын үнэт зүйл рүү нулимсан. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх тухай ярьж, шахаж эхэлсэн. Монгол Улсад ардчилсан тогтолцоо хэрэгтэй, хэрэггүй тухай ярьж эхэлсэн. Тиймээс Х.Баттулга АН-ын даргын сунгаанд оролцох ёс суртахууны эрхгүй.
АН-ыг төлөөлж, төр түшилцэж байсан маш олон хүнийг улс төр, үзэл санааны хоригдол болгож, хэлмэгдүүлсэн. Энэ үүднээсээ Х.Баттулга ардчиллын үнэт зүйлийг хамгаална гэдэгт итгэхгүй байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн Ч.Өнөрбаяр “Манай намын гишүүд МАН-ын даргын зөвлөх яагаад АН-ын даргад нэр дэвшиж байгааг асууж байна. Энэ асуултад МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариулах ёстой. Дуугүй байна гэдэг бол хүлээн зөвшөөрсөнтэй адил. АН-аар тоглож, самрах гэж өөрийнхөө зөвлөхийг нэр дэвшүүлээгүй бол үүнийгээ албан ёсоор мэдэгд” хэмээн МАН-ын даргаас тайлбар шаардлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ