Цинь Гань: БНХАУ Орос цэргийн ажиллагаа эхлүүлэх гэж байгааг мэдээгүй

БНХАУ Оросын төлөвлөгөөг мэдэж байсан бол Украин руу халдахаас сэргийлэх байсан, энэ дайн БНХАУ-д ашиггүй гэж АНУ дахь БНХАУ-ын Элчин сайд Цинь Гань мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа Вашингтон пост сонинд өгсөн нийтлэлдээ бичсэн байна.
"Хятад улс энэ дайныг мэдэж байсан, зөвшөөрсөн эсвэл чимээгүйхэн дэмжиж байсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Эдгээр мэдэгдлүүд нь Хятадад бурууг тохож, бохир зүйлд хутгах гэсэн зорилготой" хэмээн Элчин сайд бичсэн байна.
Хятад улс Орос төдийгүй Украины томоохон худалдааны түнш, түүнчлэн газрын тос, хийн дэлхийн томоохон импортлогч орон гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд Украинд халдах үед Хятадын 6000 гаруй иргэн Украинд байсныг онцолсон байна.
"Орос, Украины хоорондын сөргөлдөөн Хятадад ашиггүй. Хятад зайлшгүй хямралын талаар мэдэж байсан бол үүнээс сэрэмжлэхийн тулд бид бүхнийг хийх байсан" хэмээн Цинь Гань бичжээ.
Түүнчлэн тэрбээр бүхий л орнууд, тухайлбал Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстой гэдгийг онцолсон байна.
"Украины тухайд Хятадын байр суурь хэвэндээ, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг мөрдөж, бүхий л орнууд, тэр дундаа Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндлэх ёстой" хэмээн Цинь Гань цохон тэмдэглэсэн байна.
Цаашлаад тэрбээр Тайвань, Украиныг холбон ярихгүй байхыг уриалжээ.
"Украин бол тусгаар улс, харин Тайвань бол Хятадын салшгүй хэсэг. Тайванийн асуудал бол Хятадын дотоод хэрэг" гэж Цинь Гань онцолсон байна.
Цаашлаад тэрбээр Хятад улс Украинд энх тайван тогтоохын төлөө байгаа бөгөөд өөрсдийн хүч хүрэх бүхнийг хийхэд бэлэн байгааг цохон тэмдэглэжээ.
Энд дуулгахад, Хятад улс Украины эсрэг өдүүлсэн дайнд Орост тусламж дэмжлэг үзүүлвэл ихээхэн сөрөг үр дагавартай нүүр тулна гэж АНУ анхааруулж байв. Түүнчлэн Орос улс Хятадаас цэрэг, эдийн засгийн тусламж хүссэн талаарх мэдээлэл гарч байлаа. Харин үүнийг Хятад болон ОХУ энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ