Коронавирусийн тархалтыг богино хугацаанд тогтоон барихыг Ши Жинпинь шаарджээ

БНХАУ-ын дарга Ши Жинпинь аль болох богино хугацаанд коронавирусийн тархалтыг тогтоон барихыг уриалжээ. тэрбээр Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурал дээр ийм мэдэгдэл хийсэн талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Ши Жинпинь энэ мэдэгдэлдээ Хятад улс эдийн засгийн хөгжлөөр төдийгүй коронавирусийн халдвараас сэргийлэх, хянах тал дээр дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалж байгааг онцолжээ. Мөн тууштай байдал ялалтад хүргэнэ хэмээд мэдэгдээд улсын бүхий л байгууллага, бүс нутгуудыг Хятадад төдийгүй хилийн чанадад коронавирусийн халдвараас сэргийлэх, хянах тал дээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой гэдгийг ухамсарлахыг уриалсан байна.
Түүнчлэн хүмүүс, тэдний амьдралд онцгой анхаарал тавихыг сануулаад шинжлэх ухааны үндэслэл бүхий арга хэмжээг авч, тахал цааш тархахаас сэргийлэхийн тулд "тэг ковид" зарчмаа баримтлах ёстойг онцолжээ.
Энд дуулгахад, сүүлийн үед Хятадад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын хэд хэдэн бүс нутагт, нийт 50 сая гаруй хүн амыг хөл хорионд оруулсан юм. Удаан хугацаанд халдварын тохиолдол маш бага байсан энэ улсад коронавирусийн халдварын тохиолдлууд нэмэгдэх болсон нь омикроноос хэд дахин хурдтай тархах чадвартай стелс-омикрон хувилбар дэгдсэнтэй холбоотой гэж эрдэмтэд онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ