Ираны албаны төлөөлөгчид зочид буудлын эд зүйлийг хулгайлаад буцжээ

Венийн "Кобург Палас" зочид буудлын захиргаа буудлынх нь өрөөнүүдээс олон зүйл алдагдсан тул гомдол гаргахаас аргагүй болжээ. Европын хамгийн тансаг буудлуудын нэгд тооцогддог "Кобург Палас" буудлаас гал тогооны хэрэгсэл, мөнгөн таваг тэр бүү хэл кофены машин хулгайлагдсан талаар Арабын "Аль Кабас" хэвлэл мэдээлсэн байна.
Зочид буудлын удирдлагынхны мэдээлж байгаагаар, цөмийн хэлэлцээ хийхээр ирсэн Ираны албан төлөөлөгчид буудлаас явсны дараа эд зүйл алдагдсан нь тогтоогдсон гэнэ. Захиргааныхны өгүүлснээр, саван, нүүр гарын алчуур, шампунь зэрэг аахар шаахар зүйлс байсан бол нүдээ аниад өнгөрөөхөд бэлэн байсан ч алдагдсан зарим эд зүйл дотор түүхэн үнэ цэн бүхий хэрэгслүүд ч байсан тул гомдол гаргахаас аргагүй болсон гэнэ.
Кобургийн ордныг XIX зууны дунд үед Германы ханхүү Фердинанд байгуулсан. 1970 онд энэ ордныг эзэмшигч худалдсанаас хойш энд зочид буудал ажиллах болсон бөгөөд дотоод засалд нь эртний эдлэлүүд олон үлдсэн байдаг аж.
Ираны Гадаад хэргийн яам зочид буудлын эд зүйл хулгайд алдагдсантай холбоотойгоор шалгалт хийж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн гэж Арабын хэвлэл мэдээлсэн байна. Харин ийм хэрэг гарсан гэдгийг албан ёсоор баталсан эсвэл няцаасан мэдэгдэл хийгээгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ