Крым ОХУ-д нэгдсэний ойд зориулагдсан тоглолт болж, Путин оролцжээ

Гуравдугаар сарын 18-ны баасан гарагт Крым Орост нэгдсэний найман жилийн ойд зориулсан жагсаал, тоглолт болжээ. Энэ арга хэмжээнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон байна.
Энэ үеэр түүний үг хэлэхийг дамжуулж байх үед гэнэт шууд дамжуулалт тасарч, Олег Газмановын дуу явж эхэлсэн бол хэсэг хугацааны дараа хэдэн минутын туршид шууд дамжуулалт дуугүй болжээ. Үүнийг Путиний хэвлэлийн төлөөлөгч "техникийн саатал гарсан" хэмээн тайлбарласан байна.
Ингээд Путиний үгийг дараа нь бичлэгээр дамжуулсан бөгөөд Оросын Ерөнхийлөгч мэдэгдэлдээ "тусгай ажиллагааны зорилго нь хүмүүсийг геноцидоос салгах явдал байсан" хэмээн онцолсон байна.
"Донбасст амьдарч байсан, амьдарч байгаа хүмүүс төрийн эргэлт хийхийг хүсээгүй. Тэдний эсрэг цэргийн ажиллагаа нэг бус удаа явагдаж байсан. Тэднийг удаа дараа бүслэлтэд оруулж, байнга их буугаар буудаж, агаараас цохилт өгч байлаа. Үүнийг л геноцид гээд байгаа юм" хэмээн Путин мэдэгдсэн байна.
Түүнчлэн крымчүүд болон севастопольчууд неонацистуудын замд томоохон саад тавьсан гэдгийг онцолжээ. Үүгээрээ тэрбээр Крымийн хойг Орост нэгдсэнийг илэрхийлж байгаа юм.
Гуравдугаар сарын 18-ны өдөр Москвагийн цагаар 15.00 цагт болсон энэ тоглолтод 200 мянга гаруй хүн оролцсон гэж Оросын Дотоод хэргийн яам мэдэгджээ.
Эргэн сануулахад, 2014 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Крым Орост нэгдэх тухай санал асуулга болж, оролцогчдын 95 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд багтахыг дэмжсэнээр гуравдугаар сарын 17-ны өдөр Крым тусгаар тогтносон бүгд найрамдах улс болж байв. Ингээд гуравдугаар сарын 18-ны өдөр Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах гэрээнд гарын сүэг зурж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ