Томас Фридман: Дайны гурван гэнэтийн бэлэг

Америкийн сэтгүүлч, Пулитцерийн гурван удаагийн шагналт Томас Фридманы "Дайны гурван гэнэтийн бэлэг. Путин болон украинчуудын хувьд гэнэтийн зүйл нь юу байв" нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Дайн бүр гэнэтийн зүйлийг авчирдаг ч Путиний Украины эсрэг, мөн шууд бусаар бүх ардчилсан барууны эсрэг өдөөсөн дайны гайхмаар зүйл бол Путинд зөвхөн муу гэнэтийн бэлэг байсан бол харин Украины хувьд сайн зүйл ч бас байлаа.
За, яагаад ийм болчихов оо? Путин энэ дайныг төлөвлөж байхдаа гурван долоо хоногийн дараа Украины парламентад ялалтын илтгэл тавьж, Украин эх Оросын элгэнд эргэн тэврүүлснийг сайшаан хүлээж авна гэдэгт бат итгэлтэй байсан буйза. Магад тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Польшид цөллөгт байх болно, Оросын цэргүүд мэндчилгээний тэмдэг болгон украинчуудын шидсэн цэцэгсийг танк дээрээ цуглуулж, Олон улсын тогтолцооны дүрмийг тогтоох ёстой НАТО болон Нойрмог Жо (Байдены хоч) нарт харуулан Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гар барина гэж таамагласан байх.
Харин үүний оронд Украинчууд оросуудад эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн тэмцэж, үхэх талаар хичээл орлоо. Харин Путин дурын орос офицерийнхоо сумнаас болгоомжилж, нян үл нэвтрэх үүрэндээ өөрийгөө тусгаарлах нь тэр. Зеленський АНУ-ын Конгресст үг хэллээ. Даяаршлыг зогсоохын оронд дэлхий даяарх хүмүүс дайныг хянах, нөлөөлөхийн тулд дэлхийн сүлжээг тун санамсаргүй гэнэтийн байдлаар ашиглаж байна.Тэд Украинчуудыг дэмжихийн тулд хэдхэн товшилтоор мөнгө илгээж, McDonald’s-саас эхлээд Goldman Sachs хүртэл бүгдэд Оросын цэргүүд Украиныг орхих хүртэл Орост бизнес хийх ёсгүй гэдгийг мөн энэ аргаараа хэлж байна.
Цөөхөн хүн, ялангуяа Хятад, Оросын урьдчилан таамаглаж байгаагүй өөр нэг гэнэтийн зүйл энд байна. Хятад улс коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд тэг бодлого, яаралтай хорио цээрийн бодлого баримталж, COVID-19-тэй тэмцэхийн тулд өөрийн вакцинд найдаж байлаа. Харамсалтай нь Хятадын вакцинууд бусад бүх вакцинаас үр дүн муутай байв. Дээр нь Хятадын хорио цээрийн стратегийн үр дүнд хүн ам өмнөх омгуудаас дархлаагүй болсон тул вирус одоо түймэр мэт тархаж байна.
Саяхан The Times сонинд мэдээлснээр: «Омикроны омгийн дэгдэлтийн улмаас Бээжин, Шанхай, Шэньжэнь зэрэг Хятадын муж, хотуудад хэдэн арван сая хүн тусгаарлагдсан байна. Хот хооронд зорчихыг хориглож, үйлдвэрлэлийн шугамуудыг зогсоож, худалдааны төвүүдийг хаасан» гэнэ.
Тэгээд яасан бэ? Мөн Украины дайны улмаас нэг баррель нь 130 ам.долларт хүрсэн түүхий нефтийн үнийг бууруулж, эрэлтийг устгаж 100 ам.доллараас доош унагаж байгаа нь юу вэ. Дайнаа санхүүжүүлэхийн тулд дэлхийд зарах зүйл багатай аль улсад газрын тосны тулсан үнэ маш их хэрэгтэй байна вэ? Путины Орос орон. Ийм маягаар Хятадын COVID-ийн стратеги нь Путины нефтийн үнийн стратегид саад болж, энэ нь АНУ-ын хийж буй бүх зүйлээс дутахгүй Оросыг хохироож байгаа бололтой. Бид бүгд төсөөлж байснаас ч илүү хоорондоо холбоотой хэвээр байгаа аж.
Одоо бид энэ дайны эхний үе шатыг давсан тул гэнэтийн бэлэг үргэлжилсээр байна. Энэ дайны миний хувьд хамгийн том гурван гэнэтийн зүйл бол онцгой харгислал, эсрэгээрээ эр зориг, сайхан сэтгэлийн ер бусын илрэл юм.
Путин энэ дайныг эхлүүлснээс хойш би түүнийг «ялагч» гэж нэрлэгдэхийн тулд юуны ч өмнө зогсохгүй гэсэн ямар нэгэн хуурмаг төсөөлөлтэй байгаагүй. Гэсэн хэдий ч тэрээр гараа хэрхэн хурдан хумисан нь үнэхээр цочирдмоор юм. Энгийн иргэдийн зориг эрмэлзлийг мохоохын тулд эмх замбараагүй галлаж, Украины хотуудыг сүйтгэх хүртэл гурван долоо хоногийн турш Путин түрэмгийллийнхээ гол зорилго нь Украиныг «нацист» удирдлагаас чөлөөлж, Киевийг Оросын унаган орчинд нь эргүүлж өгөх хэмээн зарлаж байв.
Ийм харгис солиорол нь зөвхөн гологдсон амраг буюу «нэр төрөө хамгаалсан аллага»-д л байдаг. Тэгээд ч 6000 орчим цөмийн цэнэгт хошуутай их гүрний удирдагчид ийм солиорол илэрч байгаа нь үнэхээр цочирдом, сэтгэл сэр хийм хэрэг. Энэ хүний зан авир нь бүр ч аймшигтай гайхшралыг илэрхийлдэг. Энэ хүний зан авир нь бүр ч аймшигтай гэнэтийн зүйлээр илэрч байна.
Дайны үед энгийн мэт харагддаг хүмүүсийн эр зориг намайг үргэлж гайхшруулдаг. Энэ тохиолдолд зөвхөн украинчууд ч биш, оросууд ч гэсэн Путин улс орноо дэлхийн адгийн шоовдор болгож байгааг мэдсээр байж түүний худал хуурмагт хутгалдахаас татгалзаж байна. Оросын төрийн нэгдүгээр телесувгийн ажилтан Марина Овсянникова шууд нэвтрүүлэгт орж ирээд «Дайныг зогсоо!» мөн мэдээний хөтлөгчийн ард талд «Чамайг худал хэлж байна!» гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан тэр эр зориг намайг бахдууллаа. Түүнийг хэсэг хугацаанд байцааж, сулласан нь Путин түүнийг зовлон эдлэгч эмэгтэйн дүр болох вий гэсэн болгоомжлолтой холбоотой байх.
Дайны үед ер бусын сайн үйлс ч үйлдэгддэг. Энэ дайнд Airbnb байрны захиалгын үйлчилгээгээр дамжуулан гэнэтийн сайн үйлс бий боллоо. Airbnb-ийн удирдлага 3-р сарын эхээр хэрэглэгчид платформыг нь цоо шинэ аргаар ашиглаж эхэлснийг харсан гэж мэдэгдэв. Зөвхөн сүүлийн хоёр долоо хоногт л гэхэд ихэнх нь урд нь сонсож ч байгаагаагүй украинчуудад мөнгө хандивлахын тулд дэлхийн 165 орны хүмүүс Украинд очиж ашиглахгүй ч 430 мянга гаруй хонох захиалга өгсөн юм. Airbnb нь Украин дахь бүх хост болон зочдын захиалгын хураамжыг түр хугацаагаар чөлөөлсөн агаад энэ нь хуримтлагдсан 17 сая долларыг түрээслэгчдэд шууд олгох болсон гэсэн үг. Захиалгын ихэнх нь АНУ, Их Британи, Канадаас ирсэн агаад Австрали, Герман болон Европын бусад хэд хэдэн улс эхний аравт багтжээ.
Үүнээс гадна 3-р сарын 13-ны ням гарагийн байдлаар дэлхийн 160 гаруй орны 36,000 орчим хүн Airbnb-ийн ашгийн бус охин компани Airbnb.org-ээр дамжуулан Украины дүрвэгсдийг хүлээн авахаар бүртгүүлжээ.Америкийн аварга том байгууллага болох Олон улсын хөгжлийн агентлаг, USAID ч ийм хамрах хүрээтэй байж чадахгүй.
Эдгээр хандивын захиалгыг хүлээн авсан олон украинчууд буян үйлдэгсдэдээ талархлаа. Ийнхүү шинэ нөхөрлөл бий болж, энэ нь гадаадынханд энэ дайны үр нөлөөг илүү гүнзгий ойлгох боломжийг олгож байна. Энэ нь Путины танкуудыг дангаараа ялж дийлэхгүй ч тэднийг эсэргүүцэхээр шийдсэн хүмүүст тэд ганцаараа биш, харин Путин ганцаараа гэдгийг сануулж тусалж чадах сайхан сэтгэлийн нийгэмлэгийг бий болгож чадлаа.
Би үүнд огтхон ч гайхахгүй байна. Даяаршил бол зөвхөн худалдаа биш гэж би үргэлж баталсаар ирсэн. Энэ нь улс орнууд, компаниуд болон одоо улам бүр нэмэгдэж буй хувь хүмүүс дэлхийн даяар холбогдож, үйл ажиллагаа явуулах чадвар юм. Хүмүүс харилцаа холбоогүйгээр амьдрах боломжгүй бөгөөд орчин үеийн технологи нь үүнийг илүү хялбар, хүртээмжтэй болгож байгаа юм.
Тийм ээ, дайн зарим хүмүүсийн хувьд тааламжтай гэнэтийн бэлэг, энэ дайны төлөө хариуцлага хүлээх хүмүүст таагүй гэнэтийн бэлэг авч ирдэг. Энэ бол зөвхөн эхлэл. Гэхдээ энэ бол дайн бөгөөд харамсалтай нь үргэлж илүү таагүй гэнэтийн зүйл (мөн хүн бүрт) авч ирдэгийг мартаж болохгүй.
Орчуулсан Татар С.Майдар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ