Украин дахь сөргөлдөөн дэлхий даяар хүнсний үнэ өсөхөд нөлөөлж байна

Украинд үргэлжилж буй сөргөлдөөн нь дэлхий даяарх хүнсний аюулгүй байдалд аюул занал учруулж байгаагийн дээр хүнсний үнэ дээд төвшиндөө хүрчихсэн байгааг Дэлхийн хүнсний хөтөлбөр анхаарууллаа.
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хэвлэлийн бага хурал дээр уг хөтөлбөрийн зохицуулагч Якоб Керн мэдэгдэл хийхдээ "хямрал дэлхий даяар өлсгөлөнгийн давалгааг үүсгэлээ" хэмээн онцолжээ.
Түүнчлэн сөргөлдөөн эхэлснээс хойш дэлхий даяар хүнс, түлшний үнэ өсөж, улмаар хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 15-ны хооронд улаан буудайн үнэ 24 хувиар өссөнийг Якоб Керн мэдээлсэн байна.
"Үнэ өсөж байгаа нь дотоодын хүнсний үнийн өсөлтөд ч нөлөөлж, ингэснээр өнөөдөр хангалттай хооллож чадахгүй байгаа хүмүүс улам бүр өлсгөлөнд автах эрсдэлийг бий болгож байна" хэмээн Якоб Керн мэдэгджээ.
Дэлхийн улаанбуудайн томоохон экспортлогчид болох Орос, Украин улс дэлхийн улаан буудайн худалдааны 29 хувийг эзэлдэг аж. Тиймдээ ч өдгөө сөргөлдөж буй энэ хоёр тал дэлхийн олон орны хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг Якоб Керн онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ