Anonymous Орост ажилласаар байгаа гадаадын компаниудыг сүрдүүлэв

ОХУ Украин руу довтолсноос хойш барууны компаниуд Оросын зах зээлээс гарч, зарим нь түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Үүний зэрэгцээ нөхцөл байдлыг үл харгалзан Орост үлдэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа компаниуд ч байгаа юм.
Харин ийнхүү Орост үлдсэн гадаадын компаниудыг олон улсын хакерчдын бүлэг болох Anonymous сүрдүүлжээ. Тэд ийм компаниудыг 48 цагийн дотор үйл ажиллагаагаа зогсоохгүй бол цахим халдлага үйлдэнэ хэмээсэн байна.
Хакерын бүлгийн постод тэдний сүрдүүлсэн компаниудын лого байх бөгөөд тэдгээрийн дунд Subway, Raiffeisen Bank, Patreon, Burger King зэрэг олон компани багтжээ.
Эргэн сануулахад, Оросын Ерөнхийлөгч Украин руу довтлох шийдвэр гаргасны маргааш нь буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр олон улсын хакерчдын Anonymous бүлэг Оросын Засгийн газарт хандан, "цахим дайн зарлаж байгаа"-гаа мэдэгдсэн юм. Тэдний халдлагын улмаас Оросын төрийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн сайтууд ажиллах боломжгүй болж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ