Израильд бэлэн мөнгө гэртээ хадгалахыг хориглоно

img

Израиль улс түүхэндээ анх удаа оршин суугчдаа гэртээ их хэмжээний бэлэн мөнгө хадгалахыг хориглохоор болжээ. Шинэ журмыг Татварын газар боловсруулж байгаа бөгөөд энэ журмыг зөрчсөн хүний мөнгийг хураахаас эхлээд эрүүгийн хариуцлагад татах эрсдэлтэй гэж КП агентлаг мэдээлсэн байна.

 

Татварын газрын мэдээлснээр, шинэ журам хэрэгжиж эхэлснээр иргэд гэртээ, офис, машинд болон бусад газарт 50 мянган шекель буюу монгол мөнгөөр 40 саяас дээш хэмжээний бэлэн мөнгө хадгалахыг хориглох гэнэ. Мөн ийм хэмжээний мөнгө ямар валютаар хадгалагдаж байгаагаас үл хамааран татварынхан шалгах аж. 

 

Иргэн гэртээ 50-200 мянган шекель хадгалж байгаа бол энэ талаараа Татварын албаны байцаагч нарт мэдүүлж, мөн энэ мөнгөний эх үүсвэрийг баримтаар нотлох шаардлагатай гэнэ. Мөнгөний эх үүсвэрээ нотлож чадлаагүй бол эрүүгийн хэрэг үүсгэхээр шинэ журамд тусгахаар болжээ. 

 

Түүнчлэн аливаа иргэний гэрт их хэмжээний мэдүүлээгүй мөнгө хадгалагдаж байгаа гэж сэжиглэсэн бол татварын байцаагчид шүүхийн зөвшөөрлийн дагуу гэрт нэгжлэг хийх эрхтэй болох юм байна. Ийм журам боловсруулахаар болсон нь валютын хар зах зээл, гэмт хэргээс үүдэлтэй мөнгө угаах явдалтай тэмцэх зорилготой аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манайд хэрэгтэй шийдвэр юм биш үү.
2022-03-22