Украины Херсон хотод рублийг гүйлгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэв

"Оросын эзлэн түрэмгийлэгчид" дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн рублийг гүйлгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар Украины Херсон мужийн зөвлөлийн гишүүн Сергей Хлань Фейсбүүк хуудсандаа бичжээ. Түүний өгүүлснээр дэлгүүрүүдэд рублиэр тооцоо хийх, "шинэ захиргаанд" цалинг рублиэр олгохыг тулгахаар завдаж байгаа гэнэ.
"Эцсийн эцэст төсвийн байгууллагуудад цалинг рублиэр тавих дээрээ тулах бололтой. Херсон мужийг бага багаар рублийн бүс рүү чиглүүлж байна" хэмээн Хлань мэдэгдээд рублиэр тооцоо хийхгүй байхыг уриалсан байна.
Түүнчлэн Оросын цэргүүд Херсон дахь энгийн оршин суугчдын эсрэг халдаж, хүмүүнлэгийн коридор ашиглах боломжийг олгохгүй байгаагийн улмаас энэ муж хүмүүнлэгийн сүйрлийн ирмэг дээр ирсэн гэж Хлань цохон тэмдэглэжээ.
Энд дуулгахад, ОХУ Херсон мужийн эзэлсэн нутаг дэвсгэрүүд дээрээ "бүгд найрамдах улс байгуулах тухай санал асуулга явуулахаар зэхэж байна" гэсэн мэдээлэл Украины хэвлэлүүдээр гарсан байна. Харин Херсоны мужийн зөвлөл хэзээ ч ийм шийдвэр гаргахгүй гэж мэдэгджээ.
Херсон хотын оршин суугчид дайныг эсэргүүцсэн тайван жагсаалыг өдөр бүр зохион байгуулж байгаа бөгөөд гуравдугаар сарын 22-ны өдөр болсон энэ төрлийн жагсаалыг тараахын тулд Оросын цэргүүд нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ