Цахилгаан станцууд дэлбэрэхдээ тулчихаад байхад малын хашаа чухал уу

Эрчим хүчний салбар тэг зогсолт хийхэд ойрхон байгааг салбарын сайд нь хэлдэг. Эх үүсвэр, шугам сүлжээ нь аваарын горимоор ажиллаж, хэзээ л бол хэзээ дэлбэрэхэд бэлэн. Өвөл нэгээр дуусахгүй. Ирэх өвөл мөн л аваарын горимоор ажиллана. Гэхдээ хязгаарлалт хийнэ.
Энэ тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Том чадлын шинэ эх үүсвэр барьж, ашиглалтад оруулах хүртэл 2022-2023, 2023-2024 оны өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй, эрчим хүчний хангамжийн хязгаарлалтаас өөр сонголтгүй хүндрэлтэй цаг хугацаа эхэлж байна” хэмээн хэлсэн аваарын дохио аль хэдийнэ ассан гэсэн үг.
Дулаан ч хүндрэлтэй тулсан. Улсын хэмжээнд дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дундажаар 6 орчим хувиар нэмэгдэж байна. Улаанбаатар хотын дулааны хүчин чадал 2318 Гкал/цаг. Гэтэл 2021-2022 оны өвлийн ачааллын үед хэрэглээ 3166 Гкал/цаг болж нэмэгдсэн. Суурилагдсан хүчин чадлаас аль хэдийнэ давсан гэсэн үг.
Ирэх өвөл Улаанбаатар хотод -30 хэмээс дээш хүйтэрвэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, алслагдсан цэгүүдэд хөлдөлт үүсэх эрсдэлтэй нөхцөл байдалд хүрээд байна.
Энэ бол бодит үнэн. Хүн ам, тэдний хэрэглээ өсөн нэмэгдсээр байхад цахилгаан, дулааны эх үүсвэр, хүчин чадал бахь байдгаараа, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Аврах ганц арга нь хэрэглэгчдээс авч буй төлбөрөө нэмэгдүүлэх гэнэ. Эрчим хүчний салбарт аль хэдийнэ 92 тэрбум төгрөгийн алдагдалд орчихсон, хүчин чадлын, мөнгө санхүүгийн хувьд ч тэг зогсолтод ойрхон байгаа гэсэн үг.
Гэтэл Засгийн газар Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын зээлийг мал, малчдад цацах гэнэ. Гаднаас зээл аван байж, бэлчээрийг нөхөн сэргээж, худаг барьж, цөм сүрэг үүсгэж, хашаа хороо засаж янзлах гэнэ. 14 мянган хашаа, хороог 30 гаруй мянган ам.доллароор барьж, сайжруулах гэнэ.
Цахилгаан станцууд чинь хэрэглээгээ дийлэхгүй дэлбэрэхдээ тулчихаад байхад малын хашаа чухал уу? Ирэх өвөл цахилгааны хязгаарлалт хийнэ, хотын захын дулаан хангамж тасалдаж, хөлдөнө гэж салбарын сайд нь анхааруулж хэлээд байхад гаднаас зээл аван байж, малын хашаа хороо барих шаардлага байна уу?
Азийн хөгжлийн банк зээлийн зориулалтаа өөрчлөхгүй гэнэ. Анхнаас нь малын хашаанд бус эрчим хүчний салбартаа хөрөнгө татах ёстой биш үү. Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй дэлбэрэхдээ тулж, арай ядан ажиллаж байгааг үе үеийн Засгийн газар мэдэхийн дээдээр мэддэг. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн судалгаа эхэлсэн цагаас эрчим хүчний салбар руу чиглүүлэх боломжтой гэсэн үг. Санхүүжүүлэгчид гэнэт тэнгэрээс доллар цацдаггүй. Тэд Монголын Засгийн газраас санал авч, судалгаа хийж, УИХ-аар батлуулж байж зээлээ оруулдаг. Товчхондоо хаана, ямар зориулалтаар зээл авахыг монголчууд мэднэ гэсэн үг.
Гэтэл одоо малын хашаанд зориулан зээл авахаар Засгийн газар нь төсөл оруулж, УИХ нь хэлэлцээд сууж байна. Монгол Улсын гадаад өр хангалттай их, хэзээ төлж дуусгана даа гэж халагламаар хэмжээнд хүрсэн. Өрөн дээр нэмж өр тавина, тэрийгээ үр ашиггүй хөдөө талд цацна. Үнэхээр ойлгоход түвэгтэй.
Малын ашиг шимийг малчид хүртдэг. Мал малчны л өмч, тэгэхээр малдаа зориулаад хашаа барьж, худаг гаргах, бэлчээрээ сэргээх нь малчны үүрэг. Үүнийг төр гадаадаас зээл аван байж, хийх шаардлагагүй.
Харин иргэдээ тог цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэрээр хангах үүргийг бол төр хүлээнэ. Үүний төлөө гадаадаас зээл авч, өр тавихад хэн ч дургүйцэхгүй.
Асуудалд эрэмбэ дараалал гэж бий. Малын хашаа, цахилгаан, дулааны станцын аль нь чухлыг хүнээр хэлүүлэлтгүй мэдмээр юм, энэ Засгийн газрынхан!
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ