Оросын сэтгүүлч Украины дүрвэгчдэд туслахын тулд Нобелийн медалиа зарна

Оросын "Новая газета" сонины Ерөнхий редактор, Нобелийн энх тайвны шагналт Дмитрий Муратов шагналаа зарж, олсон мөнгийг Украины дүрвэгчид, шархадсан хүмүүс болон нэн даруй эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүүхдүүдэд зарцуулахаар болжээ. Энэ талаар тус сонины сайт мэдээлсэн байна.
"Новая газета" болон би Украины дүрвэгчдэд туслах санд 2021 оны Энх тайвны шагналаа шилжүүлэхээр шийдлээ. Дэлхий даяар алдартай энэ шагналыг худалдаанд оруулах дуудлага худалдааны газруудыг холбогдохыг хүсье" хэмээн Муратов бичжээ.
Дмитрий Муратов "ардчилал, энх тайвны гол нөхцөл болох сэтгэн бодох эрх чөлөөг хамгаалах хүчин чармайлт гаргасныхаа төлөө" Энх тайвны шагнал хүртэх болсон талаар 2021 оны 10 дугаар сарын наймны өдөр зарлаж байлаа. Энэ шагналыг хүртэл буй Оросын дөрөв дэх иргэн болсон Муратовд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн баяр хүргэж байгаагүй. Кремлийн нэрийн өмнөөс Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баяр хүргэж байлаа.
Энд дуулгахад, "Новая газета" сонин Орост цензур ихээр тавигдаж байгаа нөхцөлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд мэдээ, нийтлэлдээ "дайн" гэсэн үг оруулалгүйгээр Украины хотуудын талаарх сурвалжлага, нийтлэлийг уншигчдад хүргэсээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ