Эрдэнэс Тавантолгойн олборлолтыг ирэх сарын нэгнээс эхлүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын долоо хоног бүрийн хуралдаанаар Орос, Украины асуудал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг. Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэрхэн ярьсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр дэлхийн том улсуудын ОХУ-ын эсрэг тавьсан хоригууд манай улсад шууд болон дам байдлаар нөлөөлж байгааг хэллээ. Тиймээс төв банкны валютын нөөцөө хамгаалж, экспортоо дэмжих бодлогод төвлөрөх ёстой. Энэ хүрээнд Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолт буюу уртын тээврийг 04 дүгээр сарын нэгнээс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.
Ковидын улмаас Цагаан хаданд 12 сая тонн нүүрс овоороод байсан. Тус нүүрсийг өнгөрсөн жилийн 07 дугаар сараас Хятад руу нийлүүлсээр одоо 5.4 сая тонн нүүрс үлдээд байгаа аж. Энэ талаар Сангийн сайд “Бид импортлогч талдаа хүндэтгэлтэй хандаж, олборлолт хийхгүй, зөвхөн Цагаан хаданд төвлөрсөн нүүрсийг ачсан. Төвлөрсөн нүүрс харьцангуй багассан учраас олборлолтоо хийж, уртын тээврээ эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа” гэсэн мэдээллийг өглөө. Засгийн газрын энэ шийдвэрийг Хятадын талд өгч, зөвшилцөх юм байна.
Харин ОХУ-тай хийдэг гадаад худалдааны талаар Сангийн сайд Б.Жавхлан “Бид ОХУ-тай гадаад худалдааны алдагдалтай байдаг. ОХУ-аас импорт орж ирдэг, манай экспорт маш бага. ОХУ-аас авдаг импортын 75 хувийг шатахуун эзэлдэг. Манай улсын стратегийн хамгийн гол бүтээгдэхүүн 100 хувь ОХУ-аас хамааралтай гэсэн үг. Гэхдээ шатахууны нийлүүлэлт болон төлбөрт ямар нэг саатал гараагүй. Роснефть компани нийлүүлэлтдээ ямар ч өөрчлөлт хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Манай импортлогч компаниуд ч шатахууны төлбөрөө саадгүй шилжүүлж байна. Орос, Украины асуудал эхэлснээс хойш 180 сая ам.долларын шатахууны төлбөр Орос руу саадгүй хийгдсэн” гэдгийг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ