Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украин руу халдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрөв. Оросын энэ үйлдлийн улмаас дэлхийн улс орнууд энэ улсын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьсаар, одоо ОХУ түүхэн дэх хамгийн их хоригт орсон улс болоод байна. Эдийн засгийн хоригийн тоогоор Хойд Солонгос, Сири, Ираныг ч давсан энэ улсын эсрэг хориг 2014 оноос үүдэлтэй юм.
Ердөө ганцхан сарын хугацаанд Орос улс дэлхийн санхүүгийн системээс салгагдаж, барууны технологигүй хоцорч, иргэний нисэхийн тал хувиа алдан, валютын нөөцийнхөө талыг алдсан юм. Энгийн иргэд нь олон нийтийн сүлжээгүй, валютгүй хоцорсон бол чинээлэг, бизнесменүүд нь гадаад орныг зорих эрхгүй болов.
Энэ бүхэн найман жилийн өмнөөс эхлэлтэй. Украинд улс төрийн хямрал болсноор Крым, Донбасс салан тусгаарлаж, улмаар Крымийн хойгт олон нийтийн санал асуулга явагдан, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтахаар болсон бөгөөд үүнийг "Оросын явуулга", "Украины нутаг дэвсгэрт халдсан" гэж үзсэн АНУ, Европ, Канад, Япон, Австрали улс 2014 онд Оросын эсрэг хориг тавьж байлаа.
Гэвч энэ бүхэн ердөө эхлэл байсан юм. Энэ үйл явдлаас найман жилийн дараа, хөрш орон руугаа халдсан Оросын эсрэг түүхэнд байгаагүй их хоригийг дэлхийн улс орнууд тавилаа.
Дайн эхэлсэн эхний сард мянга гаруй хүн амиа алдсаны дотор дор хаяж 117 хүүхэд байгаа гэх баримт гарсан бөгөөд Оросын арми Харьков, Мариуполь хотуудыг сүйтгэж, Херсон хотыг эзлэн, одоо Киев, Одесс руу урагшилж байна. Хэдийгээр сарын хугацаанд талууд удаа дараа хэлэлцээ хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй, байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.
Ингээд Барууны орнууд Украиныг мөнгө, зэвсгээр дэмжин, харин Оросын эсрэг түүхэн дэх хамгийн их хориг арга хэмжээг тавьж, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том цэргийн түрэмгийллийг зогсоохын тулд төрөл бүрийн дарамт шахалт үзүүлсээр байна.
Оросын эсрэг 7154 хориг үйлчилж байна
ОХУ-ын хуулийн этгээд болон хувь хүмүүсийн эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний тоо хэдийнэ 7000-ыг давжээ. Хоёрдугаар сарын 22-ны өдрөөс өмнө 2754 хориг үйлчилдэг байсан бол өнөөгийн хямрал үүссэний дараа 4400 хориг нэмж тавьсан байна.
Өмнөх хоригууд нь ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотой бөгөөд 2014 онд Крымд олон нийтийн санал асуулгаар ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах шийдвэр гарч, Крымийн Бүгд Найрамдах Улс болон Украинаас салсныг дэлхийн олон улс орон "Украины нутаг дэвсгэрт халдсан хэрэг" хэмээн үздэг юм.
Крымийн асуудлаас найман жилийн дараа ОХУ ийнхүү хөрш орон руугаа халдсанаар өдгөө дэлхийн түүхэн дэх хамгийн их хоригт орсон улс болоод байна. Хамгийн ихээр хоригт өртдөг орнуудтай харьцуулвал, цөмийн зэвсэг боловсруулдаг гэдгээрээ бурууддаг Ираны эсрэг 3616 хориг, Сирийн эсрэг 2608, пуужин болон цөмийн хөтөлбөрийнхөө улмаас "адлагддаг" Хойд Солонгосын эсрэг 2077 хориг үйлчилж байгаа юм.
Гэхдээ Орос улс Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн томоохон эдийн засагтай худалдаа, санхүүгийн харилцаагаа хадгалсан хэвээр байгаагийн дээр Латин Америк, Африкийн орнууд ОХУ-ын эсрэг хориг тавиагүй. Эдгээр орнууд барууны дэвшилтэт технологи, зээл зэргийг орлохгүй ч хориг арга хэмжээнээс үүдэн эдийн засагт ирэх цохилтыг сааруулж байгаа юм.
Хоригуудын төрөл
Газрын тос, хий
АНУ Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, нүүрсийг худалдан авахад бүрэн хориг тогтоосон бол Канад Австрали Оросын газрын тосыг импортлоход хориг тавьсан юм.
Харин Европын холбоо, Герман улс Украиныг тойруулан тавьсан "Северный поток-2" хийн хоолойг баталгаажуулахаас татгалзсан байна. Мөн Европын холбоо, АНУ ОХУ руу газрын тос боловсруулахад зориулагдсан технологи, тоног төхөөрөмж нийлүүлэхийг хориглосон.
Оросын томоохон түнш болох Европын холбоо одоогоор энэ улсын эсрэг газрын тос болон хийн худалдан авахад хориг тавих эсэхээ шийдээгүй байна. ЕХ Оросоос газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 60 хувь, хийн 40 хувийг худалдан авдаг. Тиймээс ийм хэмжээний худалдан авалтыг орлуулах хувилбарыг одоогоор шийдээгүй байгаа тул хориг тавиагүй байна.
Санхүү
Барууны орнууд 300 тэрбум доллар буюу Оросын алт валютын нөөцийн тал хувийг царцаасан. Мөн төрийн банкуудыг SWIFT системээс салгасан юм. Түүнчлэн Орос улс бэлэн доллар, еврогүй хоцорсон бөгөөд АНУ, ЕХ энэ улс руу бэлэн мөнгө гаргахыг хориглосон. Мөн Орос улс ОУВС, Дэлхийн банкнаас зээл, тусламж авах боломжгүй болжээ.
Худалдаа
Оростой хийх худалдаанд асар том саад гарч ирсэн бөгөөд дэлхийн орнууд худалдааны дайн хийх боломжтой болсон. Канадын тухайд Оросын импортод 35 хувийн татвар ноогдуулсан. Өмнө нь ийм хэмжээний татварыг гагцхүү Хойд Солонгосын бараа бүтээгдэхүүнд тавьж байлаа.
Мөн Оросын хөлөг онгоцууд Их Британи, Канад, Шинэ Зеландын боомтууд руу нэвтрэх боломжгүй болсон бол ЕХ Оросоос металл бүтээгдэхүүн импортлохыг хориглож, ЕХ, Британи, АНУ Орос руу тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хоригложээ. Түүнчлэн АНУ Оросоос түрс, архи, очир эрдэнэ худалдаж авахыг хориглосон байна.
Хувь хүний эсрэг хориг
ЕХ-ны хар жагсаалтад Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар багтсан. Гэхдээ Лавров хэлэлцээ хийхээр шийдвэл Европ руу зорчих эрхтэй хэвээр үлдээжээ.
Путин ЕХ-ны түүхэн дэх, хоригт багтсан гурав дахь төрийн тэргүүн болж байна. Өмнө нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар Европын хоригт багтаж байлаа.
ЕХ-ны хар жагсаалтад Оросын 900 орчим иргэн багтаж байгаа бөгөөд тэдний хөрөнгийг царцааж, Европ руу нэвтрэхийг хориглосны дээр европчууд тэдэнтэй ажил хэргийн холбоо тогтоохыг хориглосон байна.
Мөн ижил хориг арга хэмжээний жагсаалтыг АНУ, Итали, Испани, Британи, Финланд зэрэг улс орнууд гаргасан бөгөөд барууны орнуудад байгаа Оросын албан тушаалтнуу, бизнесменүүдийн хөлөг онгоц, үл хөдлөх хөрөнгө, онгоцуудыг битүүмжилжээ.
Агаарын орон зай
АНУ, Европын холбоо, Британи, Канад Оросын онгоцуудыг агаарын орон зайдаа нэвтрэхийг хориглосон юм. Барууны орнууд Орос руу аливаа онгоц, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлэхийг хориглосон байна. Оросын арилжааны агаарын флотын дөрөвний гурав нь ЕХ, АНУ, Канадад угсрагдсан байдаг тул эдгээр хориг нь Оросын иргэний агаарын тээврийг тун хүнд нөхцөл байдалд оруулсан юм.
Хэвлэл мэдээлэл , технологи
ЕХ Оросын RT, Sputnik сувгуудыг мэдээллээ цацахыг хориглосон бол Британи мөн л RT сувгийн зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
ЕХ, АНУ, Япон, Тайвань улс Орос руу хагас дамжуулагч, дэвшилтэт электроник нийлүүлэхийг бүрэн хориглосон бол ЕХ, АНУ навигаци, радио холбооны технологийн хэрэгсэл нийлүүлэхийг хязгаарласан байна. Мөн ЕХ дрон, дроны программ хангамж зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэхээ хоригложээ.
Г.Бямбасүрэн