"Шойгу алга болсон"-ыг Кремль тайлбарлав

Олон өдөр "алга болсон" гэгдэж байсан Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украины эсрэг дайны явцын талаарх Оросын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцон илтгэл тавьжээ. Түүнийг гуравдугаар сарын 11-нээс хойш олны өмнө гараагүй, "зүрх нь өвдсөн" гэх зэрэг мэдээлэл олон улсын хэвлэлээр тархаж байсан юм.
Түүнчлэн, Шойгуг "алга болсон"-той холбоотойгоор Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийсэн байна. Песковын өгүүлснээр Сергей Шойгу Оросын "цэргийн ажиллагаатай холбоотойгоор ажил ихтэй байгаа" тул 13 өдрийн туршид олны өмнө гараагүй гэнэ. Харин гуравдугаар сарын 24-ний өдөр болсон ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцсон гэж Песков мэдэгджээ.
CNN агентлагийн сэтгүүлч Песковоос Шойгугийн бие муу байгаа талаарх мэдээлэл "Агентство" хэвлэлд гарсан талаар асуусан байна.
"Агентство" хэвлэлийг сонсох хэрэггүй. Үүний оронд Батлан хамгаалах яаманд ханд" хэмээн Песков хариулсан байна.
Олон нийтийн сүлжээгээр Шойгугийн оролцсон гэх хуралдааны бичлэгүүд тархсан бөгөөд зарим хэрэглэгчид энэ дүрс бичлэгийг хуучин бичлэг байж болзошгүй хэмээн таамаглажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ