Комиссын бараанд улсаараа дугаарлаж буй нь өнөөдрийн бодит байдал
Тусламжийн хувцсанд улсаараа дугаарлав. "Японоос ирсэн 20 тонн хувцсыг зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй тараана" гэсэн зар хоёр хоногийн өмнө цахим орчинд цацагдсан. Уг мэдээллийг авсан иргэд өчигдөр буюу гуравдугаар сарын 27-нд Дэнжийн 1000 авто баазын ойролцоох өрхийн эмнэлгийн ар талын авто угаалгын газар өглөөний 06.00 цагаас эхлэн уртаас урт дараалал үүсгэжээ.
Тодруулбал, Монгол бөөгийн-Гэр музей Буянт дэнж ТББ-аас уг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд цуглуулсан хувцсыг иргэдэд үнэгүй тараах гэж буй нь энэ аж. Гэвч иргэд олноор цугларсан учир тухайн хэсэгт авто замын түгжрэл үүсэж, хувцас тараах үйл ажиллагааг зохион байгуулахад хүндрэлтэй болсон байна. Улмаар тус байгууллагаас тусламжийн хувцсыг өрх, дүүргээр нь дамжуулж тараахаар болсон талаараа мэдэгдсэн.
Үүнд тус тусламжийн хувцсыг авахаар очсон иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, “Өглөө эрт ирж хүлээсэн. Гэвч хувцас тараах эсэх нь тодорхойгүй хүлээлгэж байна. Үр хүүхдээ гэртээ орхиод ирсэн. Өдөржин хүлээж байна. Наймаачид ирж, хувцас авах гэж байна. Болохгүй шүү дээ. Хувцас тараахгүй байсан юм бол зар тавих хэрэггүй” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Гэхдээ энэ үйл явдал өнөөдрийн нийгмийн үнэн төрх. Улсын эдийн засаг хямарч, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэж байна. Харин иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж хэвээр. Сарын цалин, орлого амьдралд хүрэлцэхгүй, аргаа барсан иргэд тусламжийн бараанд дугаарлана. Хэрэв төрөөс зөв бодлого шийдвэр хэрэгжүүлэхгүй бол иргэдийн амьдрал бүр ч хэцүү болно. Тусламжийн хувцсанд улсаараа дугаарлаж буй нь өнөөдрийн бодит байдал
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ