МҮОХ-ны VIII чуулганы ЭРГЭН ТОЙРОНД

Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өчигдөр боллоо. Чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.
Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;
МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах.
Дээрх асуудлаас иргэдийн анхаарлыг хамгийн их татаж буй нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Тодруулбал, энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэр дэвшсэн юм.
Харин хуралдааны үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн байна. Ингэснээр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон юм. Улмаар санал хураалтад Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Мөн МҮОХ-ны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгуульд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил хариуцсан захирал С.Тулга, Монголын таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Энхбат, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар нэр дэвшив. Хуралдааны үеэр Ч.Зоригтбаатар нэрээ татав. Ингэснээр дээрх албан тушаалд найман хүн өрсөлдсөн юм. Ингээд санал хураалтын дүн гарахад Ч.Наранбаатар 80 хүний саналаар тэргүүлж, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр 75 саналаар удаалж, дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
МҮОХ-ны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Тодруулбал, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй,Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр,Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар бусдаасаа хамгийн олон санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.
Ингээд МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл анхны хуралдаанаа хийж Хурлаар МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар боллоо.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ