WSJ : Хэлэлцээнд оролцсон Абрамович болон Украины хоёр төлөөлөгч хордсон

ОХУ-тай хийсэн хэлэлцээн дээр байсан Украины төлөөлөгчдийн багийн хоёр гишүүн болон Киевт байсан Роман Абрамович нарт гуравдугаар сарын дөрөвний өдөр хордлогын шинж тэмдэг илэрсэн байсан гэж Wall Street Journal болон Bellingcat бүлгийн эрэн сурвалжлагчид мэдээлжээ.
Wall Street Journal-ын эх сурвалжуудын мэдээлснээр гуравдугаар сарын дөрөвний өдөр Украины хэлэлцэгчдийн хоёр гишүүн болон Оросын олигарх Ромоан Абрамович нарт хордсон шинж тэмдэг илэрсэн гэнэ. Тэдний нулимс их гарч, нүд нь хавагнаж, арьс нь гуужиж байсан хэмээн эх сурвалж өгүүлжээ. Украины хоёр төлөөлөгчийн нэг нь ардын депутат Рустем Умеров байсан гэнэ.
Сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн эх сурвалжуудын өгүүлснээр дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа Оросын тусгай албадын төлөөлөгчид тэднийг хордуулсан байж болзошгүй аж. Харин Абрамович өөрийг нь хэн хордуулсан байж болох талаар огт мэдэхгүй байгаа гэж түүнд ойр эх сурвалж сэтгүүлчдэд ярьжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, төлөөлөгчид болон Оросын бизнесмен Киев дэх Ерөнхийлөгчийн офист хэлэлцээний үр дүнгийн талаар хэлэлцэхээр цугласан өдөр шинж тэмдгүүд илэрсэн байна. Харин тухайн үед Ерөнхийлөгч Зеленскийн биед ямар нэг өөрчлөлт гараагүй, хордлогын шинж тэмдэг ажишлагдаагүй гэнэ.
Харин Bellingcat хэвлэлийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн мэдээлснээр, гуравдугаар сарын дөрвөнд шилжих шөнө Украины төлөөлөгчид химийн зэвсэг ашигласнаас үүдсэн хордлоготой ижил шинж тэмдэгтэй байсан аж. Одоо тэдний бие сайн байгаа гэнэ.
WSJ сонины сэтгүүлчдийн ярилцсан барууны шинжээчдийн өгүүлснээр, хэлэлцэгчид юугаар хордсоныг таамаглахад хүндрэлтэй гэнэ. Ийм шинж тэмдэг хими эсвэл биологийн зэвсгийг оросууд ашигласнаас үүдэлтэй эсвэл цахилгаан соронзон цацрагийн хордлого ч байж мэднэ гэж шинжээчид таамаглажээ.
Дээрх хэвлэлүүдээр ийм мэдээлэл гарсны дараа Абрамовичд ойр эх сурвалжууд түүнийг Киевт байхдаа буюу гуравдугаар сарын дөрөвний шөнө хордлогын шинж тэмдгийг мэдэрсэн гэж ВВС агентлагт баталсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Абрамович хэсэг хугацаанд харах чадваргүй болж, арьс нь ихээр гуужин, толгой нь шөнөжин өвдсөн гэнэ. Тэрбээр ийм шинж тэмдэг илрэхийн өмнө ус ууж, шоколад идсэнээс өөр юу ч идээгүй гэж Абрамовичд ойр эх сурвалж өгүүлжээ.
Үүнээс өмнөх хачирхалтай үйл явдал
Гуравдугаар сарын гуравны өдөр Орос, Украины хэлэлцэгчид Беларусийн Беловежийн төгөлд хоёр дахь шатны хэлэлцээгээ үргэлжлүүлсэн юм.
Үүнээс хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын тавны өдөр Денис Киреев хачирхалтай байдлаар буудуулж амиа алдсан. Тэрбээр Беларусьт болсон Оростой хийх хэлэлцээнд Украины төлөөлөгчдийг дагалдан явж байсан зөвлөх байв. Түүнийг буудуулсан талаарх мэдээлэл гарснаас хэдэн цагийн дараа Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын газар мэдэгдэл хийхдээ Киреев Оросын тагнуулч байсан хэмээн онцолсон юм.
Оросын бизнесмен Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон тухай мэдээллийг гуравдугаар сарын 27-ны өдөр Украины Ерөнхийлөгч баталж байлаа. Үүнээс өмнө хэвлэлүүд мэдээлэхдээ, Абрамович Оростой хийх хэлэлцээний төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд багтаж байгаа тул түүний эсрэг хориг тавихгүй байхыг Зеленский Жо Байденаас хүссэн гэдгийг онцолж байв.
"Ердөө л анхааруулга"
Германы криминалистууд Абрамович болон Украины хоёр төлөөлөгчдөд үзлэг хийх үеэр хорны ул мөрийг олох боломжгүй байсан гэнэ.
"Энэ бол амь насанд халдах оролдлого биш харин ердөө л анхааруулга байсан" хэмээн шинжээч өгүүлснийг WSJ дамжуулжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар хорт бодисын тун болон төрөл нь амь насыг нь бүрэлгэх зорилгогүй, гагцхүү айлгах байдлаар ийм бодис ашигласан байж болзошгүй гэнэ.
"Химийн зэвсэгийн хоёр шинжээч болон эмчийн өгүүлснээр, шинж тэмдгүүд нь порфирин, органофосфат эсвэнл бицикл бодисуудын төрөлд нийцэхүйц байсан. Хохирогчдын ойр орчимд тусгай лабораторийн тоног төхөөрөмж байхгүй тул эцсийн дүгнэлт хийх боломжгүй" хэмээн Bellingcat бичжээ.
Органофосфатуудад Алексей Навальныйг хордуулсан бодис хамаардаг гэнэ. Харин АНУ-ын албан ёсны төлөөлөгч даваа гарагт мэдэгдэл хийхдээ Абрамович болон Украины төлөөлөгчдөд шинж тэмдэг илэрсэн нь экологийн хүчин зүйлээс үүдэлтэй, харин хортой огт хамааралгүй хэмээжээ. .
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ