Уилл Смит: Намайг уучлаарай, Крис, биеэ барьж чадсангүй

img

"Оскар" шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смит энэ арга хэмжээний хөтлөгч Крис Рокийг эхнэрийнх нь талаар таагүй хошигнол хэлснийх нь төлөө алгадсан юм. Уилл Смит энэ үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйжээ. 

 

"Крис, би олны өмнө чамаас уучлалт гуйж байна. Би биеэ барьж чадаагүй, миний буруу байсан. Миний байхыг хүсдэг тэр хүнээс огт өөр үйлдэл гаргасандаа би ичиж байна" хэмээн Уилл Смит олон нийтийн сүлжээнд бичжээ.

 

Тэрбээр, өөрийнхөө тухай хошигнол сонсох нь жүжигчний ажлын нэг хэсэг ч гэлээ эхнэрийнх нь талаар хошигноход биеэ барьж чадаагүй хэмээн бичсэн байна. Уилл Смитийн энэ үйлдлийг АНУ-ын Кино академи шалгахаар болсон талаар мэдэгдэж "академи аливаа төрлийн хүчирхийллийг тэвчихгүй" хэмээн онцолж байлаа.

 

 

 

Энэ үйл явдал гуравдугаар сарын 28-ны өдөр Оскарын шагнал гардуулах үеэр болсон юм. Крис Рок "Шилдэг баримтат кино" ангилалд нэр дэвшигчдийг зарлах үеэрээ Уилл Смитийн эхнэр Жейда Пинкетт-Смитийн богино үсний засалттай холбоотойгоор хошигносон.

 

"Жейда, чамд хайртай шүү. "Цэрэг Жейн-2" кинон дээр чамайг гарахыг хүлээж тэсэхгүй нь" хэмээн хөтлөгч хэлж, Смитийн эхнэрийг энэ кинон дээр үсээ хуссан байдалтайгаар гардаг Деми Мурын дүртэй адилтгасан юм.

Уилл Смитийн эхнэр аутоиммунийн өвчнөөр өвдөж, улмаар үс нь ихээр унаж байгаагийн улмаас үсээ хуссан байна.

 

Хөтлөгч ийм хошигнол хийсний дараа Уилл Смит суудлаасаа босон тайзан дээр гарч очоод, хөтлөгчийг алгадсан юм. Харин үүний дараа Уилл Смит "Ричард хаан" киногоороо шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсныхаа дараа үзэгчдээс уучлалт гуйж, амьдрал дээр гэр бүлээ хамгаалах нь хамгийн чухал хэмээн өгүүлж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ