Украины төлөөлөгчид хэлэлцээ болох Стамбулд газардлаа

img

Өнөөдөр Туркийн Стамбул хотод Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ болно. Энэ хэлэлцээгээр хүмүүнлэгийн асуудлуудыг хэлэлцэж, гал зогсоох талаар тохиролцохыг хичээнэ гэж ВВС мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын төлөөлөгчид ирсний дараа Украины тал газардсан байна. Украины талаас хэлэлцээнд Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх  Михаил Подоляк, парламентын "Ард түмний зарц" намын фракцын дарга Давид Арахамия нар оролцох юм. Харин Оросын талыг Путиний зөвлөх Владимир Мединский болон өмнө нь хэлэлцээнд оролцож байсан хүмүүс төлөөлөх аж. 

 

Талуудын хэлэлцээ Стамбул дахь Долмабахче ордонд, орон нутгийн цагаар 10:00 Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхлэхээр товлогджээ.

 

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн мэдэгдсэнээр наад цах нь "хүмүүнлэгийн асуудлуудыг шийдэх", цаашлаад гал зогсоох, үүнтэй холбоотой тогтвортой хэлцэлд хүрэхийг Киев зорьж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ