Шойгу: Одоо Донбассыг чөлөөлөхөд төвлөрнө

Хагас сарын хугацаанд "алга болсон" гэгдэж байсан, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу гуравдугаар сарын 29-ний өдөр байлдааны явц болон Оросын цэргүүдийн зорилгын талаар мэдэгдэл хийжээ.
Тэрбээр Оросын "тусгай цэргийн ажиллагаа"-ны эхний шатны үндсэн зорилтууд биелсэн гээд харин одоо Донбассыг чөлөөлөхөд Оросын цэргүүд төвлөрөх боломжтой хэмээн онцолсон байна. Донбассыг чөлөөлөх нь ажиллагааны гол зорилго гээд, бүхий л зорилгодоо хүрэх хүртэл чөлөөлөх ажиллагааг явуулна гэж Шойгу мэдэгджээ.
Шойгугийн өгүүлснээр, байлдааны ажиллагаа 33 өдөр үргэлжлэх хугацаанд Оросын тал Украины олон онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах системүүдийг устгаснаар агаарт ноёрхсон гэнэ.
Тэрбээр энэ мэдэгдлийнхээ үеэр хаврын цэрэг татлагын талаар ярьсан бөгөөд "халуун цэг" рүү хугацаат цэргийн алба хаагчдыг илгээхгүй гэж онцолжээ. Түүнчлэн энэ онд өнгөрсөн онтой харьцуулахад цөөн тооны цэрэг татах гэнэ.
Шойгу энэ мэдэгдлээрээ Украинд амссан Оросын хохирлын талаар мэдэлээгүй байна.
Оросын шаардлага зөөлөрсөн
Шойгугийн энэхүү мэдэгдэл, үүний араас, Стамбулд болсон хэлэлцээний дараа Оросын БХЯ-ны төлөөлөгч Оросын тал Украины хойд хэсэг дэх байлдааны ажиллагаагаа "хэд дахин" бууруулна хэмээн мэдэгдсэн зэргээс үзэхэд ОХУ зорилгоо өөрчилсөн бололтой гэж хөндлөнгийн шинжээчид үзэж байна.
ОХУ "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэхдээ Украиныг цэрэггүйжүүлэх, нацизмыг устгах, түүнчлэн Крым Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх зорилготой гэж мэдэгдэж байлаа.
Тэр үеэс хойш Оросын шаардлага аажмаар зөөлөрч байгаа, наад зах нь гэхэд л "нацизмыг устгах" талаар ярихаа больсон гэж барууны хэвлэлүүд бичиж байна.
Пентагоны үзэж байгаагаар Киев рүү хийж буй Оросын довтолгоо саарсан, тиймээс Оросын тал Донецк, Луганск мужууд дахь байлдааны ажиллагаанд анхаарлаа шилжүүлж байгаа аж. Украины дорнод хэсэг дэх Оросын армийн сүүлийн маневраас харахад Донбассыг эзлэх нь Оросын командлалын тэргүүлэх зорилт болсон гэдэг нь харагдаж байна гэж Пентагоны төлөөлөгч мэдэгджээ.
Энд дуулгахад, байлдааны ажиллагаа эхэлсэн эхний өдрүүдэд Оросын цэргүүд Киев, Харьков хотууд руу ойртож, Херсоныг хяналтдаа оруулж чадсан юм. Харин сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Оросын цэргүүд урагш довтлохгүй байгаа гэж барууны эх сурвалжууд мэдээлсээр байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ