Шанхайд COVID-19 халдвар нэмэгдэж, хөл хориог өргөжүүллээ
2022-03-31

Коронавирусийн халдвар нэмэгдсэний улмаас Хятадын Шанхай хотын баруун дүүргүүдэд төлөвлөж байснаас өмнө хөл хорио тавьжээ. АР агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын 30-ны өдөр Хятадад хоногт 5987 тохиолдол илэрсэн байна. Халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, Минхан үүрэгт дөрөвдүгээр сарын тавны өдрийг хүртэл нийтийн тээврийг зогсоожээ.

 

Анх хөл хориог хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ, гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын нэгнийг дуустал Хуанпу голоос дорнод хэсгийг хааж, дөрөвдүгээр сарын нэгнээс баруун хэсгийг хөл хорионд оруулна гэж төлөвлөж байлаа. Энэ хугацаанд 26 сая хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байв. Гэсэн ч халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул төлөвлөснөөс өмнө хөл хорио тавьсан байна.

 

Хятадын том хотуудын нэг Шанхайд ийнхүү хөл хорио тавьсан нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа аж. Хонконгийн судлаачдын таамаглаж байгаагаар, Шанхайд хатуу хөл хорио тогтоосноор энэ хугацаанд Хятадын ДНБ дөрвөн хувиар буурах гэнэ. 

 

Энд дуулгахад, коронавирусийн халдвар огт бүртгэгдэхгүй байх зарчмыг баримталж байгаа цөөн улсын нэг нь Хятад юм. Хятадын эрх баригчид хүн амтай нь харьцуулахад тун цөөн тохиолдол илэрсэн ч хатуу хөл хорио тавьж, халдвартай хүнтэй хавьтсан хүмүүсийг зайлшгүй тусгаарласаар байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин